Уншиж байна ...

"Олимпын наадамд оролцох манай улсын тамирчид Michel&Amazonka, Mizuno брэндийн хувцсыг өмсөнө"

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны Парисын олимпын бэлтгэл ажлын талаар Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "33 дугаар зуны олимпын наадам эхлэхэд дөрөв хүрэхгүй сарын хугацаа үлдлээ. Бид энэ хугацаанд шигшээ багаа байгуулж, тамирчид цаг нартай уралдаж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна.

Өнөөдрийн байдлаар спортын 10 эрх аваад байгаа бөгөөд эрх авч, оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байгаа.

Олимпын наадамд Биеийн тамир, спортын улсын хороо болон сайдын албанаас МҮОХ-той хамтраад төлөвлөгөө гарган эрчимтэй ажиллаж байна. 

Тамирчдын хувцасны асуудал нэлээд хүндрэлтэй байсан учраас 10,000 гаруй иргэнээс санал авсан.

Мөн 300 гаруй шигшээ багийн тамирчдын саналыг авснаар Японы "Mizuno" брэнд хувцсыг захиалахаар шалгаруулсан. Манай ажлын хэсгийн төлөөлөл тус компанитай гэрээ байгуулахаар нөгөөдөр явна. 

Иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулахад, нийт 17 компаниас "Mizuno" брэндийн компани шалгарсан" гэлээ. 

"Цаг агаарт тохирсон материалыг сонгож, тамирчдын хувцас загварыг гаргана" 

Мөн "Дасгалжуулагч, тамирчдын хувцасны чиглэлээр долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. 

Тухайлбал наадмын нээлт, хаалтад оролцох ёслолын хувцсыг "Michel&Amazonka" дотоодынхоо үйлдвэрлэлээр дэмжиж, тус компанитай гэрээ байгуулаад байна. Ёслолын хувцас монгол загвартай байх юм. 

Гэхдээ наадам зохион байгуулагдах газар бараг 30 градус хална. Тиймээс цаг агаарт нь тохирсон материалыг сонгож, загваруудаа гаргаад удахгүй мэдээлнэ.

Монголын тамирчид урьдынхаасаа илүү олон эрх авах, оноо цуглуулах, олимпын наадамдаа өндөр амжилт гаргах сайхан цаг үе ирнэ гэж найдаж байгаа. 

Манай улс спортын 10-12 төрөлд 45-аас доошгүй олон эрх авах зорилготой ажиллаж байна.

Цаг агаарт дасан зохицох, хоол ундаа тохируулах чиглэлээр нийт спортын 11 холбоо урьдчилж бэлтгэлээ хийх саналууд гаргасан. Энэ дагуу Парис эсвэл Германы захын ойролцоо хотуудад бэлтгэл сургуулилалт хийхээр ойрын хугацаанд явах гэж байгаа" хэмээн МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэллээ.