Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины харшил саяд нэг тохиох өвчин болж хувирав

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хүү минь хоёр настай. Сахуу, хөхүүл ханиад, татрангийн гуравт вакцины дөрөвдүгээр тунг хийлгэх ёстой. Гэтэл өрхийн эмнэлэг рүү зүглэх гэхээр айдаст автаад болж өгдөггүй. Яг ийм айдастай ээжүүд ч гэр бүл, найз нөхөд, танилын хүрээнд өдрөөс өдөрт олширлоо.

Учир нь гурван сарын өмнө сахуу, татрангийн вакцин хийлгэсэн долоон настай Н.Энхбилэг охин вакцинаасаа харшил авч, өнөөдөр өрөөл татуу нэгэн болчихсон эмнэлэгт хэвтэж байна. Түүнийг харсан хэний ч зүрх зүсэгдэж, сэтгэл өвдмөөр.

Хамгийн гол нь ийм тохиолдол ганцхан Н.Энхбилэг охиноор хязгаарлагдаагүй (Дөрвөн сартай А.Зүмбэр. Тэрбээр тавт вакцинийг дөрвөн сартайдаа хийлгэсний дараа таталт өгсөн. Одоо БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа) гэдгийг санах ёстой.

Хүүхдийн тань харшилдаг зүйл вакцины найрлагад байгаа үгүйг мэргэжлийн хүнээс лавлаж, анзаарч, анхаарч байхад илүүдэхгүй болжээ.

Н.Энхбилэг охин өнөөдөр маш хүнд байдалтай, эрүүл байсан бие нь өдөр хоногоор үхжиж, аргаа барахдаа гарынхаа хоёр хурууг тайруулаад, өвчин намдаах тариагаар гол зогоож хэвтэнэ. 

Нялх балчир үрээ эрэмдэг болгохыг ямар эцэг эх хүсэх билээ. Н.Энхбилэг охины аав Д.Намжилдорж охиныхоо амийг авч үлдэнэ гэж найдаж байгаа болохоор л дээрх шийдвэрийг гаргаж, үхжилт эхэлсэн гарынх нь хурууг нэг нэгээр нь тайруулж сууна. Үхтэл үр харам гэдэг л энэ. Тэд одоо яахаа ч мэдэхгүй ёстой нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуун үлгэрээр амьдарч, өдөр хоногуудыг нулимстай нүдээр өнгөрүүлж байна.

Яг юу болов?
2013 оны 10 дугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн хоёрдугаар ангийнханд сахуу татрангийн вакцин хийсэн. Вакцин хийснээс хэдхэн цагийн дараа Н.Энхбилэг охины гар ихэд өвдөж, улайж, үрэвссэн. Харамсалтай нь сургуулийн эмч үүнийг тоосонгүй.

Учир нь вакцины дараа ийм сөрөг нөлөө илрэх нь хэвийн үзэгдэл гэж эмч нар үздэг. Харин 38 градусаас дээш халуурвал эмнэлэгт хандаарай гэж зөвлөдөг. Харамсалтай нь Н.Энхбилэг охины хувьд энэхүү сөрөг шинж тэмдэг түр зуурынх байсангүй. Түүгээр ч зогсохгүй насан туршийнх ч байж болох магадлал өндөр болчихлоо. Харшлын гэх шинж тэмдэг хэл, гар руу нь ороод зогсохгүй одоо баруун хөл рүү нь улангасч эхэлжээ. 

Вакцинаасаа харшилсан байх магадлал өндөр

Вакцин хийсэн өдөр Н.Энхбилэг охины ангийн 28 хүүхэд цуг тариулсан. Хэрэв тариа ямар нэгэн асуудалтай байсан бол бүх хүүхэд өвдөх нь мэдээж. Ингээд бодохоор Н.Энхбилэг охин вакцинаасаа харшилсан байх магадлал өндөр. Үүнийг  хэрэг  явдлын дараа Баянхонгор аймгийн эмч нар ч хэлсэн. 

Харшил нь илэрч, өвдөж, зовиурлах үед тэрбээр сургуулийн эмч н.Дуламсүрэнд ханджээ. Гэтэл түүнийг тоосонгүй, анхан шатны тусламж ч үзүүлсэнгүй. Охин тэр оройжин өвдөж, шөнөжин уйлж хоносон тухай аав нь хэлж байгаа. Маргааш өглөө нь охины хэл бамбайж хавдан, хүрэн улаан өнгөтэй болж. Тэд аймгийнхаа эмнэлэгт хандаад дээрдэж өгөхгүй болохоор нь 10 дугаар сарын 18-нд Нийслэлд ирж, ЭХЭМҮТ-д хэвтжээ. 

Охинд нь шаардлагатай байгаа эмчилгээг  л нэн даруй хийж өгөхийг дахин дахин гуйж байна. 

ЭХЭМҮТ-ийн эмч нар охинд “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэж онош тавьсан байна. Харин өнөөдөр тэд шал өөр “Судасны системийн өвчин” гэсэн онош тавьчихсан, ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд “Танай охин чинь саяд нэг тохиох ховор өвчтэй юм байна” гэх зэргийн юм яриад сууж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул өсч бойжсон охин гэнэт л саяд нэг тохиолддог хүнд, эдгэшгүй өвчтэй болж таарлаа.

ЭХЭМҮТ-д Н.Энхбилэг хэвтээд гурван сар болж байгаа. Тус хугацаанд арван хурууныхаа хоёрыг нь тайруулж, явж бас ярьж чадахаа больсон байна. 

ЭХЭМҮТ-д Монголдоо тэргүүлэх зэргийн хамгийн сайн эмч нар ажилладаг гэдэг. Гэтэл Н.Энхбилэг охины эмчилгээнд үр дүн гарсангүй. Хэрэв эмч нар анхны онош буюу “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэсэн онош дээрээ бат зогсож, энэ чиглэлийн эмчилгээгээ эрчимтэйхэн хийсэн бол “Магадагүй охин минь өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан” хэмээн түүний эцэг, эх халаглаж сууна.

Гэхдээ тэд охиныхоо энэ байдалд хэн нэгнийг буруутгаж, хариуцлага тооцон, албан тушаалаас нь буулгах гээгүй. Зөвхөн охинд нь шаардлагатай байгаа эмчилгээг  л нэн даруй хийж өгөхийг дахин дахин гуйж байна. 

Хүүхэд вакцинаас харшлах нь ихэссэн

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 гаруй хүүхэд вакцинаас харшилсан гэх оношоор ЭХЭМҮТ-д хандсан байна. Мөн БНСУ-ын эмнэлэгүүдэд “Вакцинаас харшилсан” гэсэн оноштой монгол хүүхдүүд олноороо эмчлүүлдэг болсон тухай тус улсын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нутагтаа ирсэн эх сурвалж мэдээллээ. 

Эндээс харахад сүүлийн үед вакцины харшил ихсэх болсон нь илэрхий болжээ. Харин манай улс энэ төрлийн өвчнийг эмчилж чадахгүй хүчин мөхөсдөж байгаа нь Н.Энхбилэг охиноос тодхон харагдлаа.

Тиймээс эцэг эхчүүд бид өөрсдөө үр хүүхэддээ анхаарч, хэдэн настайд нь ямар төрлийн вакциныг хэчнээн тунгаар хийдэг болох, тухайн вакцины найрлага дахь бодис хүүхдэд эерэг болон сөрөг ямар нөлөө үзүүлдэг эсэхийг, хүүхдийн тань харшилдаг зүйл вакцины найрлагад байгаа үгүйг мэргэжлийн хүнээс лавлаж, анзаарч, анхаарч байхад илүүдэхгүй болжээ.

Вакцин хийх мөчлөг

  • Хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор: Элэгний В гипатитын эсрэг вакцин хийнэ
  • Хүүхэд төрснөөс хойш 24-48 цагийн дотор: Сүрьеэ, БЦЖ, халдварт саагийн вакцин хийнэ
  • 2 сартайд: Халдварт саагийн II тун, сахуу, хөхүүл ханиад, татран, элэгний В үрэвсэл, Хемофилюс инфаюенка В-гийн 5-т вакцин  I тунг хийнэ
  • 3 сартайд: Халдварт саагийн III тун, сахуу, хөхүүл ханиад, татран, элэгний В үрэвсэл, Хемофилюс инфаюенка В-гийн 5-т вакцин  II тунг хийнэ
  • 4 сартайд: халдварт саагийн IV тун, сахуу, хөхүүл ханиад, татран, элэгний В үрэвсэл, Хемофилюс инфаюенка В-гийн 5-т вакцин  III тунг хийнэ
  • 8, 11 сартай: Улаан бурхан I тунг хийнэ
  • 1 настай: Улаан бурхан II тунг хийнэ
  • 2 настайд: Сахуу, хөхүүл ханиад, татран 3-т вакцин, IV тунг хийнэ
  • 8 настайд: Сүрьеэгийн II тунг, сахуу, татрангийн 2-т вакцины I тунг хийнэ
  • 15 настайд:  Сахуу, татрангийн 2-т вакцины II тунг хийнэ.