- Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд /2018 оны 11 дүгээр сарын 21/ -
- Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2009 онд батлагдсан хуулийн дагуу Засгийн газар таван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон боловч ажил нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна.
- 2018-2019 оны өвөл, хаврыг өнтэй давахын тулд аймаг, сум, дүүрэг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө энэ сард багтаан нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгов. Өвөлжилт хүндрэх магадлалтай нутагт отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлаа хангах, явуулын үзлэг хийх, хүн, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгав.
- Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1,375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1,105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1,083 нь эрэгтэй, 276 нь эмэгтэй юм.
- Манай улсын 7,814 иргэн БНЧУ-д албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.