Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Археологичид Саудын Арабын цөлөөс нууцлаг байгууламжууд илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Судлаачид эртний хүмүүсийн бүтээн босгосон байгууламжуудын үлдэгдлийг ихэвчлэн хүн амьдрахад таатай бүс нутгуудаас олдог. Харин саяхан Саудын Арабаас олдсон шинэ байгууламжууд нь үүний эсрэг буюу ус, ургамал байхгүй “там” гэмээр газраас олджээ.

Хааш хаашаа 10-500 метр хүртэл янз бүрийн хэмжээтэй чулуун байгууламжуудыг олон мянган жилийн өмнө галт уулын дэлбэрэлтээс урссан лаав бүхий талбайд хүний гараар бүтээсэн бололтой гэж судлаачид одоогоор үзэж байна. Гайхалтай нь байгууламжуудыг лаав урсахаас өмнө босгосон шинжтэй байгаа юм.

Жишээ нь зарим байгууламжуудын дээгүүр лаав урсаж чулуужсан байгаа аж. “Эдгээр байгууламжууд нь амьдралгүй үхмэл, лааваар дүүрсэн, хүн амьтан оршиход хамгийн таагүй орчинд байгаа нь сонирхол татаж байна” гэж судалгааг ахалсан Баруун Австралийн их сургуулийн судлаач Дэвид Кеннэди ярьжээ.

Хиймэл дагуулын зураглалаар илрүүлсэн талбайд ойролцоогоор 400 орчим ийм байгууламжийг олж тоолсон байна. Тэдгээрийн насыг 9,000 жилийн өмнөх гэж баримжаалж байгаа гэнэ.

Дараагийн ээлжинд судлаачид газар дээр нь экспедиц илгээж, зориулалтыг нь судалж тогтоохоор төлөвлөжээ.

 
 

 

Эх сурвалж: Newsweek