Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн хамгийн баян хоёр муж автономит эрхийн төлөө санал асуулга явуулах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Италийн хамгийн баян хоёр муж автономит эрх олж авахын төлөө ирэх Ням гарагт иргэдийнхээ дунд санал асуулга явуулахаар болжээ.

Энэ нь Европ даяар дараалан өрнөж байгаа салан тусгаарлах хөдөлгөөнүүдийн нэг хэсэгт тооцогдож байна. Гэхдээ Ломбарди, Венето мужууд тусгаар тогтнох шаардлага тавиагүй, зөвхөн засаг захиргаа, санхүүгийн хувьд Ромоос хамаарлаа багасгаж, бие даан ажилладаг болох хүсэлтэй.

Хэдийгээр үр дүн нь заавал хэрэгжих хуулийн үндэслэлгүй ч Ромын засгийн газарт хүчтэй анхааруулга болно гэж үзэж байна.

 

Уг нь Италийн үндсэн хуульд зааснаар тус улсын бүх 20 муж өөртөө засах эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд заавал бүх нийтийн санал асуулга явуулалгүйгээр Ромтой тохиролцож болно гэсэн байдаг.

Гэвч Ромтой хэлэлцэх гэсэн оролдлого амжилтгүй болсон тул ийнхүү санал асуулга явуулахаар болсноо Венетогийн ерөнхийлөгч Лука Зая, Ломбардигийн ерөнхийлөгч Роберто Марони нар мэдэгджээ.

Италийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг эдгээр мужууд жил бүр Ромоос авдаг төсвөөсөө 50 тэрбумаар илүү еврог татварт төлдөг гэнэ. Ломбарди мужийн төв нь бизнесийн томоохон хот Милан бол Венецид төвтэй Венето муж нь Италийн алдарт просекко цагаан дарсны үйлдвэрлэгч тул тус тусдаа Италийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 ба 10 хувийг бүрдүүлдэг юм байна.

Итали улсын хойд хэсэг илүү өндөр хөгжсөн эдийн засагтай бол хөдөө аж ахуй голлодог өмнөд нутаг нь хөгжил дорой, засгийн газрын татаасаар амьдардаг юм.

Тэдний хөдөлгөөн Европ даяар өрнөж байгаа төвөөс зугтах хүсэл эрмэлзлэлийн нэг хэсэг болж байна. 2014 онд Шотландчууд Британиас тусгаарлах санал асуулга явуулж байсан бол саяхан Каталончууд Испаниас салахаар шийдээд байгаа билээ.

 

Эх сурвалж: The Guardian