Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэнд, Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулна

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын Эрүүл мэнд ба Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх туслалцааны төслийн баримт бичигт Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Боловсрол эрүүл мэндийн салбарыг АХБ сүүлийн 20 жил дэмжсэн

 

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен "Маш чухал техникийн туслалцааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Эрүүл мэнд Боловсролын салбар бол улс орны хөгжил, иргэдийн амьжиргааны чадварыг тодорхойлдог нэн чухал салбар билээ.

Тиймээс ч Боловсрол Эрүүл мэндийн салбаруудын дэмжлэг туслалцаа АХБ-ны сүүлийн 20 жилийн хөтөлбөрт байсаар ирсэн. АХБ Монгол Улсын Засгийн газартай 1990 оны сүүлээс өнөөдрийг хүртэл Эрүүл мэнд Боловсролын салбарт нягт хамтран ажиллаж байгаа.

Мөн энэхүү хоёр төсөл нь ядуурлыг бууруулах Японы сангаар дамжуулан Япон улсын засгийн газар болон ард түмний дэмжлэггүйгээр хэрэгжих боломжгүй байлаа" гэв. 

Мастер төлөвлөгөөг боловсруулах төсөл 1.6 сая ам.долларын санхүүжилттэй

 

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б. Доржсэмбэд "Эрүүл мэнд ба Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх туслалцааны төсөл нь 1.6 сая ам.долларын санхүүжилттэй. Эрүүл мэндийн салбарын техникийн туслалцааны хүрээнд өмнө хэрэгжсэн мастер төлөвлөгөө болон салбарын томоохон шинэчлэлүүдийг үнэлж дүгнэх, тэргүүлэх чиглэлүүдийн үндсэн стратегийг тодорхойлох, оролцогч талуудын зөвлөлдөх болон зохицуулалтыг хангах механизмыг бий болгох, дунд хугацааны зарцуулалтын хүрээ, санхүү ба хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг хийнэ.

Мөн түүнчлэн, төслийн үеэр боловсруулах Институтийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бодлого төлөвлөлт ба хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын чадавхыг дээшлүүлж, сургалтад хамруулна. Боловсролын салбарт хэрэгжих төслийн хүрээнд Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг удирдан зохицуулахад БСШУСЯ болон харьяа байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ.

Мөн оролцогч талууд ба хөгжлийн түншүүд хамтран салбарын ахиц дэвшлийг нягтлан хэлэлцэж, бодлого ба өөрчлөлт шинэчлэл, бодит хөрөнгө оруулалт, институтийн чадавхын хөгжлийн эн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлно.

Тус төсөл нь Монгол улсын Боловсролын салбарын нарийвчилсан судалгаанууд болон олон улсын шилдэг туршлагуудын дүн шинжилгээн дээр тулгуурлан хэрэгжих юм" гэлээ. 

Энэхүү хоёр төслийн санхүүжилтийг Япон Улсын Засгийн газраас Ядуурлын Бууруулах Японы Сангаар дамжуулан олгож байгаа бөгөөд тус сангийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 50 төсөл хөтөлбөр өнгөрөгч 18 жилийн туршид Монгол улсад хэрэгжсэн байна.

Боловсролын салбарын өмнөх мастер төлөвлөгөө 2006-2015 онуудад хэрэгжсэн

БСШУСЯ-ны олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбацогт "Боловсролын салбарын өмнөх мастер төлөвлөгөө 2006-2015 он хүртэл хэрэгжээд дууссан.

Шинээр эхлэх мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын явцад өмнөх хэрэгжсэн ажлаа дүгнэх, цаашдаа хэрэгжүүлэх зорилтуудаа дэвшүүлж ажиллана. Өмнөх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж байх үед манай улсын эдийн засгийн өсөлт, уналт өндөр байгаагүй.

Одоо бол манай эдийн засаг савлагаатай байгаа учраас ийм орчинд Боловсролын салбараа яаж хөгжүүлэх вэ? зэрэг зорилтуудыг тусгана. Эдгээр зорилтыг төлөвлөж зөв тусгах ажил бидэнд байгаа" гэлээ. 

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б. Доржсэмбэд, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Болормаа, АХБ-ыг төлөөлж Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар тус гэрээг үзэглэв. Түүнчлэн Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукасава, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны болон Эрүүл мэндийн яамны төлөөллүүд оролцлоо.