Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжи Камей: Монгол хүүхдүүд мөрөөдлөө зорилгодоо хүрэх хүч чадал болгодог

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

“Мабучи" хэмээх нэртэй эчнээ танил болоод чамгүй хугацааг үджээ. Монголын маш олон оюутан залуусын сурч боловсрох үүд хаалгыг нээж өгч, магадгүй цаашдын амжилтад хүрэх замыг нь хялбар болгож өгснийг нь мэдэх юм. Сурч боловсрох хүсэл эрмэлзэл дүүрэн байвч санхүүгийн асуудлаас болоод хүссэн сургуульдаа сурч чадахгүй шаналж яваа олон оюутан бий.

Тэднээс цөөнгүй нь энэхүү тэтгэлэгт хамрагдаж, цаашдын хувь заяагаа тэгшилсэн билээ. Тэдгээр оюутнууд эхнээсээ цахиур хагалж АНУ, Японы нэр хүндтэй их сургуулиудад үргэлжлүүлэн сурч, эрдмийн зэрэг хамгаалж, дэлхийд данстай эрдэмтэд болох замдаа дөтөлсөөр авай. Энэхүү буянлаг үйлсийн эздийг төлөөлж Монгол Улсад зочлон ирээд байсан “Мабучи олон улсын тэтгэлгийн сангийн” ТУЗ-ийн дарга Шинжи Камей, тус сангийн нарийн бичгийн дарга Шуничиро Онака нартай ярилцах завшаан тохиосон юм.

-Манай улсад хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. “Мабучи” гэдэг нэр хэдийнээ бидний хувьд, тэр дундаа оюутан залуучууд, сурагчдын дунд танил болсон. Гэвч бид энэ нэрийг сургалтын тэтгэлэг, буцалтгүй тусламжтай холбож л ойлгодог. Тиймээс та бүхнээс сангийнхаа талаар, ялангуяа энэ санг ивээн тэтгэдэг “Мабучи мотор” компанийнхаа талаар танилцуулахыг хүсэж байна?

-Мабучи мотор компани өдгөө дэлхийн хэмжээний хүчирхэг үйлдвэрлэгч хэмээгдэж байна. Яг энэ цаг мөчид дэлхий дээр буй ашиглагдаж нийт автомашины 70 хувь нь манай компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Бид автомашины шил өргөгч, толь болох бусад туслах эд ангийн моторыг үйлдвэрлэдэг. Мөн автомашины динам үйлдвэрлэх тал дээр шилдэг нь. Тийм учраас дэлхийн олон орны автомашин үйлдвэрлэгчид бидэнд итгэж энэ ажлыг даатгадаг. За мөн принтер, сахлын машин гэх мэт олон бүтээгдэхүүний моторыг үйлдвэрлэдэг. Энэ амжилтад хүрэхдээ урт удаан, амаргүй цаг хугацааг даван туулсан.

Анх ах, дүү хоёрын давчуухан гараашдаа эхлүүлсэн бизнес нь гарын алганд багтах жижигхэн мотор үйлдвэрлэх байлаа. Үүнийг бизнес болгох эхлэл нь хүүхдийн тоглоомын мотор байсан юм. Хүүхдийн тоглоомд мотор суулгаж, илүү сонирхолтой болгох нь гайхалтай санаа байсан. Бизнес нь ч давгүй эхэлсэн. Гэхдээ бөөнөөр үйлдвэрлэх хүртлээ, тоглоом үйлдвэрлэгчдийн итгэлийг хүлээж их хэмжээний захиалга авах хүртлээ цуцалтгүй ажилласан.

Анх бидний үйлдвэрлэсэн моторыг гаднын нэгэн компани их хэмжээгээр захиалахдаа нэгж бүрийг нь 300 иенээр худалдан авах санал тавьж байв. Сэтгэл татам санал байсан ч бид цаашдын зах зээлээ тэлэх хүсэл, басхүү хэрэглэгчдэд хямд үнэтэй ч чанартай, сонирхол татахуйц бүтээгдэхүүн хүргэх зорилгоор нэгж бүрийн үнийг 100 иенээр өгөхөөр шийдсэн. Эцэст нь бидний зорилго биелж өнөөгийн амжилтад хүрсэн дээ.

-Сонирхолтой юм. Бүтээгдэхүүнийг нь өндөр үнээр худалдан авах саналаас татгалзаж байдаг?

-Үүсгэн байгуулагч маань бодитой ашгаа л боддог хүн. Байж болох хэмжээнээсээ илүү ашиг олох боломж байсан ч түүнийг ашиглахыг хүсдэггүй. Бодит ашгаа л авч байвал боллоо гэж үздэг. Нэг талаар хэт их ашиг авах нь өрсөлдөөнийг дуудаж, түүнээс үүдэлтэйгээр нийлүүлэлтийн илүүдэл үүсэж бизнесүүд нэг нэгнээ татаж унагах аюултай байдаг. Энэ эрсдэлийг ч тооцож үздэг.

Тэгээд ч үүсгэн байгуулагчид маань хэрэглэгчдэд хямд үнэтэй бүтээгдэхүүн хүргэх зорилготой. Анх хүүхдийн тоглоомын мотор үйлдвэрлэдэг байхдаа тоглоомын дэлгүүрүүдээр их ордог байсан. Тухайн үед мотортой тоглоом ховор, их үнэтэй байдаг байсан. Тэр тоглоомуудыг авах гэсэн хүүхдүүд уйлж, эцэг эхээ шаналгаж байсан нь үүсгэн байгуулагчид маань их эмзэг сэтгэгдэл төрүүлсэн юм билээ.

Өөрөө ч эцэг эх нь хүссэн бүхнийг нь авч өгөх боломжгүй хүнд хэцүү нөхцөлд өссөн хүн. Тиймээс бодит ашгаас илүү ашиг авахгүй, аль болох бүтээгдэхүүнийхээ өртөг зардлыг бууруулах зорилго тавьж ажилласан. Анх мотороо гар аргаар ороож, үйлдвэрлэгч болгонд зориулж өөр өөр стандартын мотор үйлдвэрлэдэг байсан. Тэд нь ерөнхийдөө ижил зарчимтай боловч араа, шүд, хэмжээ зэрэг жижиг деталиудаараа ялгардаг байлаа.

Тиймээс эхний ээлжид мотор ороох явцыг автоматжуулж, дараа нь моторуудаа нэг ижил стандартад оруулж, бөөнөөр үйлдвэрлэх, эрэлтийг хангахуйц нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч мотор үйлдвэрлэх өртөг зардлыг бууруулж чадсан.

-Чухам юу түүнийг “Мабучи сан”-г үүсгэн байгуулахад түлхэв ээ?

-Үүсгэн байгуулагч ах дүү хоёр маань анх Хонконгод үйлдвэрээ байгуулсан юм. Гэтэл ажилчид нь авсан цалингийнхаа багахан хэсгийг өөрсдөдөө зарцуулж, үлдсэнийг нь гэр бүлдээ явуулж байгааг олж мэдсэн. Дээр нь ажилчдын олонх нь дөрвөн аргын тоо ч бодож чадахгүй боловсрол муутай хүмүүс байсан л даа. Тиймээс хүүхэд залуусыг боловсролтой болоход нь туслах хэрэгтэй юм байна. Үүний төлөө амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулъя гэж шийдсэн гэдэг.

Нэгэнт компани нь хөл дээр нь бат зогсож, өөрсдөө ч их хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон тул нийгэмд тустай ямар нэгэн үйл хийх ёстойгоо гүнээ ухамсарлаж байсан хэрэг. Үүнээс гадна өөрсдөө их, дээд сургуульд сурч боловсрох боломжгүй нөхцөлд өсөж торницгоосон. Япон улс дэлхий-II дайнд ялагдсаны дараах хүнд хэцүү нөхцөлд өссөн хүмүүс л дээ.

Гэрийнхээ ойролцоох жижигхэн ногооны талбайд ажиллаж амьдралаа залгуулна. Сургуульдаа ч сурч чадахаа байгаад сургуулиа хаяхаас өөр аргагүйд хүрсэн. Энэ нь түүнд маш их хэцүү байсан ч тухайн нөхцөл байдал сургуулиа хаяхыг шаардаж байж. Хожим компаниа байгуулаад бизнес нь өргөжин тэлэхийн хэрээр уулздаг хүмүүсийнх нь зэрэг зиндаа ч өөрчлөгдөж эхэлсэн.

Тэр үед өөрийнх нь боловсролын ялгаа илт анзаарагдах болсон. Хойч үед өөр шигээ байдалд оруулахгүйн тулд тэдний төлөө, сурч боловсрох эрхийнх нь төлөө ямар нэгэн юм хийх ёстой гэж үзсэн. Тийм учраас хөгжиж буй орнуудын хүүхэд залуучуудыг сурч боловсроход нь тусалдаг сан байгуулъя гэж шийдээд улсынхаа Боловсролын яамнаас зохих зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

-Гайхалтай түүх байна. Чухам хэрхэн Монгол Улстай холбогдох болсон талаараа тодруулахгүй юу?

-Энэ бүхэн орон нутгийн нэгэн сонинд гарсан нийтлэлээс үүдэлтэй юм. “Мабучи сан” байгуулагдсан, санд хөрөнгө мөнгө, бусдад туслах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан ч яг хэнд хэрхэн туслахаа тодорхойлох тал дээр нэг тийм зогсонги маягтай байсан хэрэг. Энэ үед бидний анхаарлыг нэгэн сонинд хэвлэгдсэн нийтлэл татсан юм.

Тэрхүү нийтлэлд Монголоос ирсэн оюутан Ж.Галбадрах “Монгол Улсдаа Японы боловсролын систем, сургалт бүхий сургууль байгуулах хүсэл мөрөөдөлтэй явдаг”-аа ярьсан байв. Тэгэхэд л бид Монголын хүүхэд залууст туслах боломж өмнө минь нээгдэж байгааг ойлгосон. Галаа багштайгаа ингэж анх танилцаж байлаа. Хамгийн гол нь энэ хүнд яг бидний хүсэж байсан тэр мөрөөдөл, зарчим байсан.

Компани бол ашгийн төлөө байгууллага. Харин сан бол ашгийн бус. Цэвэр сайн үйлсийн төлөөх зорилготой. Бидний энэ зорилгод Галаа багшийн зорилго, хүсэл мөрөөдөл тэмүүлэл нь нийцэж байсан. Ингэж бид Монгол Улстай, Монголын олон сайхан хүүхэд, залуучуудтайгаа холбогдсон түүхтэй.

-Танай үүсгэн байгуулагчийн эрхэлдэг уг санг “Мабучи мотор” компаниас санхүүжүүлдэг үү?

-Үүсгэн байгуулагч маань өдгөө компанийнхаа хүндэт ерөнхийлөгчийн албыг хашдаг. Ер нь компаниа өөрийн өмч мэт ойлгохоос зайлсхийдэг. Манай компанид үүсгэн байгуулагчийн маань үр хүүхэд төрөл саднаас нэг ч хүн байдаггүй. Өв залгамжлагч хүү нь хүртэл тэтгэлгийн сангийн үйл ажиллагаанд л оролцохоос компанидаа ямар ч байр суурь эзэлдэггүй. Анх энэ сангаа байгуулахдаа компанийн хөрөнгөөр бус өөрийнхөө хурааж хуримтлуулсан хөрөнгөөр байгуулсан түүхтэй.

-Таны хувьд компанидаа болон “Мабучи сан”-д ямар ажил алба хашиж байна вэ?

-Миний хувьд 1964 онд “Мабучи” компанидаа Санхүү болон компьютерийн систем хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байлаа. Яваандаа ТУЗ, Төлөвлөлтийн хэлтэс рүү шилжсэн. Хожим компанийнхаа захирал хэмээх албан тушаалд томилогдож 10 жил тасралтгүй ажилласныхаа дараа компанийнхаа Ерөнхийлөгчийн албыг хаших болсон. Өдгөө компанидаа зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ сангийнхаа ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

-Жирийн ажилтнаас захирал, ерөнхийлөгч болтол ажиллажээ?

-Миний амьдралын 40 жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн шүү дээ.

-Харин Онака таны хувьд өдгөө ямар ажил алба эрхэлж байна вэ?

-Миний хувьд анх даатгалын компани, аудитын компанид ажилладаг байсан юм. Хожим “Мабучи сан”-д ажиллах урилга хүлээн авсан. Анх гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өдгөө сангийнхаа нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд олон монгол оюутантай танилцаж, тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулсандаа сэтгэл хангалуун явдаг.

-Шинжи Камей танаас эргэн асууя монгол оюутнуудад туслах ажлаа “хэтрүүлээд” гэж Боловсролын яамнаасаа зэмлэл хүртэж байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ үнэн. Анх Азийн олон улсад боловсролын дэмжлэг үзүүлнэ гэчхээд Монгол руу хэт анхаарч байна гэх зэмлэл Боловсролын яамнаасаа хүртэж байсан. Тиймээс бид энэ “алдаа”-гаа зассан. Одоо бол Японы 30 гаруй их сургуулиудад сурч байгаа Зүүн Азийн голлосон 100 гаруй оюутанд тэтгэлэг олгодог болсон учраас дахин зэмлэл хүртэх шаардлагагүй болсон.

-Туйлын зорилго гэж байдаг даа. Тэгэхээр энэ сангийн туйлын зорилго нь юу юм бол?

-Үүсгэн байгуулагчийн маань анх бодсон зүйл нь Японд суралцахаар ирж байгаа хүүхдүүдэд тэтгэлэг олгох асуудал биш юм. Японд суралцах хүсэл зорилго тээн ирж байгаа хүүхдүүд бол тухайн улсдаа байгаа хүүхдүүдээс илүү боломжтой хүүхдүүд гэж ойлгодог.

Тийм учраас тэдгээр хүүхдүүдээс илүү боломжгүй нөхцөлд байгаа хүүхдүүдэд туслахыг хүссэн. Мэдээж буцалтгүй тусламж хэлбэрээр тэтгэлэг олгосоор байж болох ч, мөнгө нэг л өдөр дуусна шүү дээ. Тийм учраас оюутнуудад хүүгүй, барьцаагүй зээл олгож, эргэн төлөгдөх замаар орж ирсэн мөнгөөр дараагийн хүүхдийг санхүүжүүлдэг систем бий болгохыг хүссэн юм.

Ингэж “Шинэ Монгол Мабучи сан" үүссэн билээ. Мэдээж сангийн гарааны хөрөнгийг бид шийдэж өгсөн. Бид Монголын их дээд сургуульд сурч буй 30 оюутанд тус бүр 1,500 ам.долларын тэтгэлгийг олгож байна. Жил бүр 30 оюутан тул дөрвөн жилд 120 оюутан болно. Нийтдээ дөрөв, тав дах жилээсээ хүүхдүүдийн маань эргүүлж өгсөн мөнгөөр дараа дараагийн хүүхдүүдээ санхүүжүүлж чаддаг болно гэсэн өөдрөг төсөөлөл бидэнд бий.

Сан маань биеэ дааж ажиллах чадвартай болно гэсэн үг. Тэр болтол бид санхүүжүүлнэ. Мэдээж энэ сан маань ашгийн бус учраас бид урсгал зардлын тал дээр нь туслахаа зогсоохгүй. Энэ бол үүсгэн байгуулагчийн маань анх хүсэж байсан тэр зорилго. Өнөөдөр энэ зорилго Монгол Улсад биеллээ олж байна. Бид гайхалтай эхлэлийг тавьж чадлаа.

-Зөвхөн Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл үү?

-Эхний удаад бид Монгол, Вьетнам улсыг сонгож хэрэгжүүлж эхэлсэн.

-Ер нь тус сангаас нийт хэчнээн хэмжээний тэтгэлэг олгоод байгаа вэ?

-Ойролцоогоор 10 сая доллар зарцуулсан байна. Тухайн оюутныг суралцахаар ирэхэд бид тохь тухтай төвхнөж хөлөө олоход нь зориулж 300 мянган иенийн тэтгэлэг өгдөг. Мөн cap бүр 100 мянган иений сургалтын болон амьжиргаанд нь зориулсан тэтгэлэг олгодог. Өөрөөр хэлбэл, нэг оюутан дөрвөн жилийн хугацаанд ам.доллараар тооцвол 40 гаруй мянган ам.долларын тэтгэлэг авдаг гэсэн үг.

-Та бүхний манай улсад хүрэлцэн ирсэн зорилго юу байв?

-Энэ удаагийн зорилго бол “Шинэ Монгол Мабучи" тэтгэлгийн сангийн шугамаар энэ жил тэтгэлэг авах оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолд оролцохоор ирлээ. Сан маань Монголд байгуулагдаад хэдийнээ гурав дахь жилдээ орсон байна.

Удахгүй бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна гэсэн үг. Монголд энэхүү тэтгэлгийг хүүхдэд олгохдоо Шинэ Монголын төгсөгч нар ментор буюу зөвлөн туслагчаар томилогдож, тэтгэлэгт оюутнуудыг амжилттай суралцах, амьдралд хөлөө олоход нь тусалж буйг харахад бахархам байна.

Ингэснээр тэтгэлэгт оюутан төгсөөд ажил дээр гарсныхаа дараа авсан тэтгэлгээ хүүгүй буцаан төлөх хүсэл сонирхол нь илүү болж байна. Бид энэ сайн жишгийг цаашдаа Вьетнам зэрэг оронд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ажиллана. Монголын туршлагыг бусад оронд хэрхэн хэрэгжүүлэх талаар судална гэж ойлгож болно.

-Шинээр тэтгэлэг авч байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Бидэнд ач хариулахдаа биш. Тэтгэлэг авч суралцаж төгссөн хүүхдүүд маань дараа дараагийнхаа хүүхдүүдэд биднээс авсан тэр ач тусаа үргэлжлүүлэн үзүүлбэл бидний туйлын зорилго биелж байгаа нь тэр. Энэ зорилгыг маань биелүүлэхэд монгол хүүхдүүд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монголын оюутнуудыг эргээд харахад хоёр зүйлийг баттай хэлж чадна. Нэгт, тэд хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг. Хоёрт, бидэнд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө маш их хичээж шаргуу ажилладаг. Энэ үнэхээр үнэлүүштэй, авууштай, бахархууштай чанар.

Монголын бас нэг онцлог нь Монголоос зөвхөн “Шинэ Монгол"-ын хүүхдүүд энэ тэтгэлгийг авдаг байсан. Тийм учраас нэгэн зүрх сэтгэлээр эргээд дараагийн үеийн хүүхдүүддээ туслах чин хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Тийм учраас бидний эхлүүлсэн төсөл амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь, Монголын хүүхэд, залууст хэлэхэд, ирээдүйн зорилгоо тодорхой тавьж үргэлж түүнийхээ төлөө яваарай. Сүүлийн үеийн япон залуучууд маань хүсэл мөрөөдлөө гээж, гутранги үзэлд автах болсонд би хувьдаа маш их эмзэглэж явдаг. Харин Монгол хүүхдүүд өөрийнхөө мөрөөдлийг амьдрах зорилгодоо хүрэх хүч чадал болгон ашиглаж чадаж байгааг хараад бахархдаг. Энэ чанараа битгий алдаарай.

Японд сурч байгаа монгол хүүхдүүд “Төгсөөд эх орондоо очиж байгаль хамгаалахад хувь нэмэр оруулна" гэх мэтээр ярьдаг. Япон залуус ингэж ярьдаггүй. Ялгаа нь энэ. Япон хүүхдүүд толгой сайтай байж болно. Гэвч амьдрах чадвар сул болсон. Янз янзын зүйлд өөрсдийгөө сорьдоггүй. Гадагшаа гарч сурдаг хүүхэд ч байхгүй болсон. Тиймээс та бүхэн хүсэл мөрөөдлөө битгий гээгээрэй. Мөрөөдлийнхөө төлөө илүү их хичээгээрэй. Мөн бусдадаа мөрөөдөлд нь хүргэх үүд хаалга нь болоорой гэж хүсэн ерөөе.

-Онака таны хувьд юу хэлэх бол?

-Түрүүн ТУЗ-ийн дарга маань хэллээ, бид Азийн хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд боловсрол олгох зорилготой гэдгийг. Монголд Галаа багш, Наранбаяр захирал гэсэн бидэнтэй адилхан үзэл бодолтой хүмүүсийг олсондоо маш их баяртай байгаа. Цаашдаа хамтарч ажиллахад урам зоригтой байгаагаа дуулгахдаа таатай байна. Улам хичээж ажиллаарай гэж хүсье.

Зураг