Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Аун Сан Су Чи анх удаа Мьянмарын хямралын талаар мэдэгдэл хийлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Мьянмарт болж байгаа Рохинжа (рохинья ч гэдэг) муслим иргэдийн эсрэг цэргийн ажиллагааны талаар тус улсын дэфакто удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи анх удаа орон нутгийн телевизээр өнөөдөр мэдэгдэл хийжээ.

НҮБ “үндэстний цэвэрлэгээ” гэж нэрлээд байгаа уг харгислалын тухай ярихдаа Су Чи “Рахайн мужид үүссэн нөхцөл байдал дэлхийн анхаарлыг татаж байгааг би мэдэж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг хариуцлагатай гишүүнийхээ хувьд Мьянмар улс олон улсын шалгалт хяналтаас айхгүй байна” гэжээ.

“Бид ч бас санаа зовж байна. Бодит байдал ямар байгааг бид мэдэхийг хүсч байна. Аль аль талаас зөрүүтэй мэдээлэл ирж байгаа. Бүгдийг нь сонсох хэрэгтэй. Арга хэмжээ авахаасаа өмнө мэдээллийн үнэн зөвийг батлах хэрэгтэй” хэмээн Аун Сан Су Чи ярьсан юм.

Тэр бас Рохинжа үндэстний ихэнх тосгон суурин хүчирхийлэлд өртөөгүй үлдсэн гээд зэвсэгт хүчнээ шүүмжилсэн үг огт унагаагүй байна. Харин тэдэнд тэвчээртэй байж, гэмгүй хүмүүсийг хохироохгүй байх чиглэл өгснөө хэлжээ.

30 минут үргэлжилсэн мэдэгдэлдээ тэр олон тооны муслим иргэд Бангладешт дүрвээд байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд “Яагаад ийм байдал үүссэнийг шалгаж тогтооно”, “Тодорхой шалгуурын үндсэн дээр дүрвэсэн муслимуудыг буцааж авахад хэзээд бэлэн” гэж хэлсэн юм.

Аун Сан Су Чи тус улс дахь муслимуудын “Аракан Рохинжа Чөлөөлөх Арми” нэртэй босогчдын бүлгийн нэрийг дурдахдаа л ганц удаа Рохинжа гэх үгийг хэлжээ.

72 настай удирдагч эмэгтэй эцэст нь Мьянмар улсад тохиолдож байгаа олон асуудал дотроос ганцхан муслим цөөнхийн асуудалд дэлхий нийтээрээ хэт анхаарал хандуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Аун Сан Су Чи энэ долоо хоногт эхэлж байгаа НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцох төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногт цуцалсан юм. Харин өнөөдрийн мэдэгдлийн өмнө Су Чигийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг “дэлхий нийтэд үнэнийг хэлнэ” хэмээн зарлаж байв.

Наймдугаар сарын сүүлээр Рахайн мужид эхэлсэн цэргийн ажиллагааны улмаас 400,000 гаруй муслим хүн Бангладешт дүрвээд байна. Рохинжа иргэдийн тосгон суурингуудыг галдан шатаасан баримтыг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд баталж байгаа юм. Мьянмарын баруун хязгаарт амьдардаг 1 сая гаруй Рохинжа үндэсний цөөнхийг тус улс иргэнээ гэж үздэггүй ба нийгмийн бүх үйлчилгээнээс тусгаарлаж, хүний наад захын эрх чөлөөг нь боомилдог ажээ. Буддын шашинтнууд голлодог хүн амынх нь дунд Islamophobia буюу муслим хүмүүсийг гадуурхах үзэл хүчтэй байдаг юм.

 

Эх сурвалж: The Guardian