Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Францыг дуурайж, цэргийн сүрт парад хийхийг сонирхох болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долдугаар сард Бастилийн цайзыг чөлөөлсөн өдөрт зориулж Парист болдог цэргийн парадыг үзсэн Дональд Трамп Вашингтонд мөн ийм жагсаал хийх тухай бодож эхэлсэн байна.

НҮБ-ын ерөнхий ассемблэйн чуулганд оролцохоор ирээд байгаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзах үедээ Трамп энэ санаагаа ярьжээ. Тэрээр Цагаан ордны тамгын газрын дарга, чөлөөнд гарсан генерал Жон Келлид ирэх оны долдугаар сарын 4-нд буюу Тусгаар тогтнолын өдөр цэрэг зэвсгийн парад зохион байгуулах боломжийг судлах даалгавар өгчээ.

Мэдээж Трампын хэв маягт тааруулан сүр жавхлантай, Францынхаас ч илүү байхаар зохион байгуулах гэнэ. Макронд Трамп хэлэхдээ “Парист үзсэн зүйл бол миний амьдралдаа үзсэн хамгийн гоё парад байлаа” гээд “Бид ч бас долдугаар сарын 4-нд Вашингтоны Пеннсилваний өргөн чөлөөнд үүнээс дутахгүй парад хийх тухай бодож байна” гэжээ.

Дональд Трамп ер нь цэргийн сүр хүчээ гайхуулах дуртай гэгддэг ба тангараг өргөхдөө мөн цэргийн парад зохион байгуулахыг хүсэж байсан гэдэг.

Парист өнгөрсөн зун болсон парад нь дэлхийн нэгдүгээр дайнд АНУ оролцож эхэлсний 100 жилийн ойг давхар тэмдэглэсэн юм.

АНУ нь цэргийн парад бараг зохион байгуулдаггүй. Жилд болдог цөөхөн хэдэн баярын үеэр цэргийн найрал хөгжимчдийг жагсаахаас хэтэрдэггүй.

Харин Трампын сонирхож байгаа шиг зэр зэвсгийн хүчин чадлаа харуулсан парадыг огт хийж байгаагүй юм.

 

Эх сурвалж: The Guardian