Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Базаррагчаа: Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэлийн захирлыг огцруулахыг шаардаж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэлийн /НЗТН/ удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар өнөөдөр Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Үйлдвэрчиний Эвлэлийн холбооны /МТХГТҮЭХ/ гишүүдээс мэдээлэл хийлээ.

Тэд НЗТН-ийн захирал Г.Төмөрбаатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод өнөөдөр шаардлага хүргүүлэх аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

МТХГТҮЭХ-ны дарга​ Б.Базаррагчаа "НЗТН-ийн дарга томилогдсон цагаасаа хойш олон хууль бус үйлдлийг удаа дараалан хийсэн. Тухайлбал, нэгдүгээрт ҮЭ-ний байгууллагыг хагалан бутаргаж,дарамтлах, хоёрдугаарт ажилчдыг хууль бусаар халах, гуравдугаарт эрх мэдэл бүхий өндөр албан тушаалыг худалдах, дөрөвдүгээрт байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах буюу сэлбэг материалыг хэт өндөр худалдан авч, зөрүү гаргасан.

Бид энэ асуудлыг 2017 оны хоёрдугаар сард олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсаны дараа ҮЭХ-ны сонгуультнуудыг цагдаагийн байгууллагад өгч, шалгуулсан. Манай хороодын дарга нар болон, сонгуультнууд үндэслэлтэй зүйл ярьсан нь цагдаагийн шалгалтаар тогтоогдсон.

Үүнээс хойш бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, МАН-ын дарга буюу УИХ-ын дарга М.Энхболдод удаа дараа шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тэд энэ хууль бус явдлыг хаацайллаа. 

Мөн бид 2017 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт удаа дараа хүсэлт тавьж, ажлын хэсгийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан өндөр албан тушаалтнуудад их хэмжээний мөнгө хууль бусаар олгосон нь тогтоогдсон. 

"Хамтын гэрээ"-ний заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт суусан ажилчид ажилласан жилээрээ тооцуулж 3-13 сая төгрөгийн тэтгэмж авах ёстой. Гэтэл өндөр насны тэтгэвэрт суусан 40 ажилчид одоог хүртэл тэтгэмжийг нь өгөөгүй. Бид шүүхэд хандан, шүүхийн шийдвэрээр энэ мөнгийг гаргуулж, авч байна. Энэ хууль бус үйлдлийн талаар хотын даргад нотолж харуулсан ч, өнөөдрийг хүртэл хаацайллаа.

Тиймээс бид НЗТН-ийн захирал Г.Төмөрбаатарыг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гурван хоногийн дараа НЗТН-ийн байрны урд суулт хийж, өлсгөлөн зарлана" гэлээ. 

2 сая төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумуляторыг 6 сая төгрөгөөр худалдан авсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулаж, сэлбэг материалыг хэт өндөр худалдан авсан гэх мэдээллийн талаар НЗТН-ийн II баазын Үйлдвэрчний Холбооны тэргүүлэгч Г.Болорсүхээс тодруулсан юм.

Г.Болорсүх "Бид жишээ болгож 25 нэр төрлийн сэлбэг материалын үнийн харьцуулалтыг хийсэн. 

Тухайлбал, Контактын шунт 100 айл барилгын материалын захад 3,000-5,000 төгрөгийн үнэтэй зарагддаг сэлбэгийг Зорчигч Тээврийн Нэгдэл 280,000 төгрөгөөр худалдан авсан. БНХАУ-аас 2,586,080 төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумуляторыг 6,800,000 төгрөгөөр авсан.  Мөн 20 сая төгрөгөөр худалдаалагддаг чоперыг 49,500,000 төгрөгөөр худалдан авсан байх жишээтэй. 

Бид 2016 оны аравдугаар сараас эхлэн энэ асуудлыг холбогдох байгууллагад тавьж ирсэн. Нийслэлийн Засаг даргыг шийдэх байх гэж их хүлээсэн ч, одоог хүртэл шийдээгүй байна. Тиймээс бид одоо зүгээр суухгүй. Тэмцэх болно" гэв.