Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зукерберг хятад хэлтэй асрагч хайж байгаа тухай мэдээлэл таржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийг мандарин хэлтэй хүүхэд асрагчийг өндөр үнээр ажиллуулах гэж байна гэсэн мэдээлэл Хятадын интернэт ертөнцийн хамгийн их анхаарал татсан сэдэв болоод байна.

Ажлын зар түгээдэг Indeed.Com сайтад гарсан нэгэн сонирхолтой зар одоогоор Хятадын сошиал орчин болон, АНУ-д амьдардаг хятад иргэдийн дунд өргөн таржээ. Уг зард өгүүлснээр унаган мандарин хэлтэй, доод тал нь гурван жилийн ажлын туршлагатай, бакалаврын зэрэгтэй, хүүхдэд хайртай, анагаах ухааны суурь мэдлэгтэй хүүхэд асрагчийг жилийн $110,000-$130,000-аар ажиллуулна гэсэн байна.

Бас эрүүл мэндийн даатгалыг нь Цахиурын хөндийн инженерүүдийн түвшинд хариуцна гэжээ. Өндөр цалин, мандарин хэлний шаардлагаар нь хүмүүс уг зарыг Марк Зукерберг гаргасан гэж таамаглаж байгаа гэнэ.

 

Үүнээс гадна хүүхдийн эцэг, эхийн тодорхойлолт дээр өөрсдийгөө хэд хэдэн бизнес, буяны үйл ажиллагаа эрхэлдэг залуу бизнесмэнүүд гэсэн нь дээрх таамгийг улам үнэмшилтэй болгожээ.

Мөн тус гэр бүлд олон тооны туслах ажилтан байгаа гэж тодруулсан байна.

Мэдээж Хятад хэл, соёлд таатай ханддаг Зукерберг үүний цаана байх магадлал маш өндөр. Түүний эхнэр Приссила Чан нь дэглэмээс зугтаж Вьетнамд цагаачилсан Хятад гэр бүлээс гаралтай гэгддэг.

2015 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг АНУ-д айлчлахад Марк Зукерберг тухайн үед төрж амжаагүй байсан охиндоо нэр хайрлахыг хүсэж байсан юм. Гэвч Ши Жиньпин эелдгээр татгалзаж байжээ.

Тэр жилийнхээ сар шинийн баяраар Марк шинэ төрсөн охиндоо Чэн Минью хэмээх хятад нэр өгснөө зарлаж байв. Охины англи нэрийг Макс гэдэг.

Дээрх зарыг Зукербергийн зар гэдэгт итгэлтэй байгаа хятадууд олноор ажилд орох хүсэлтээ илгээж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Shanghaiist