Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цасны ирвэс устаж үгүй болохын ирмэг дээр байгаа амьтдын жагсаалтаас хасагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Цасны ирвэс “устаж үгүй болох аюултай” амьтдын жагсаалтаас гарч “эмзэг” амьтдын жагсаалтад дэвшсэн байна.

Зэрлэг амьтдын устах эрсдлийг үнэлдэг байгууллага болох IUCN (The International Union for Conservation of Nature) ийнхүү ирвэсийг ангилал дэвшүүлэх болсноо өчигдөр зарлажээ. Гэхдээ тэд аюул холдоогүй байгааг анхааруулсан байна.

45 жилийн өмнө цасны ирвэсийг “устах аюултай” амьтдын жагсаалтад оруулж байжээ. Тэгвэл таван мэргэжилтэн гурван жилийн хугацаанд нөхцөл байдлыг судалж, үнэлсний эцэст ийм өөрчлөлт хийхээр болсон байна.

Олон удаагийн хамгаалах төсөл хэрэгжүүлсний үр дүнд цасны ирвэсний тоо толгойн хорогдол буурсан гэж үзжээ.

Шийдвэр гаргасан мэргэжилтнүүдийн нэг доктор Том Маккарти “Устах аюултай ангилалд багтахын тулд нас биед хүрсэн ирвэсний тоо толгой 2,500 хүрэхгүй болж, хорогдол нь өндөр хувьтай байх ёстой” гэж тайлбарласан байна.

“Дээрх хоёр үзүүлэлт одоогоор ажиглагдахгүй болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь ирвэснүүд айх аюулгүй болж, баярлах ёстой гэсэн үг биш” гэж тэр бас хэлжээ. Доктор “Энэ төрөл зүйл устах аюултай хэвээр байгаа. Зөвхөн өмнөх шигээ хурдтайгаар цөөрөхөө больсон гэсэн үг юм” гэж тайлбарласан байна.

Цасны ирвэс нь Төв Азийн уулархаг нутгаар цөөн тоотой амьдардаг. Тэдэнд тохиолддог аюул нь хулгайн ан, цаг уурын өөрчлөлт, дэд бүтцийн түрэлт болоод байгаа ажээ.

Шилжиж ороод байгаа “эмзэг” ангилалд нь 10,000 хүрэхгүй нөхөн үржих насны тоо толгойтой, сүүлийн гурван залгамж үеийн турш тоо нь хамгийн багадаа 10 хувиар хорогдсон амьтад ордог байна.

 

Эх сурвалж: Independent

 

Зураг
13 | 18 | 18 цаг