Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдагч нь Анагаах боллоо

Г.Ганчимэг Монголын мэдээ
2017 оны 9 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
АШУҮИС

Нийслэл хот маань хүн амын хэт төвлөрлөөсөө болоод үүрэх ачаа нь улам хүндэрсээр байна. Замын түгжрэл, цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдлын гол шалтгаан нь ерөөсөө л энэ. Үүнийг дээр дооргүй мэдэж байгаа ч дорвитойхон хийсэн ажилгүй он цагийг элээсээр л өдийг хүрлээ.

Үе үеийн засаг, төрийн удирдлагууд солигдохдоо “Их, дээд сургуулиудыг хотоос гаргана” эсвэл “Томоохон захуудыг нүүлгэнэ” гэх мэтээр ярьсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Авто худалдааны төвийг хотоос нүүлгэнэ гэдэг шийдвэр. Харин автомашины худалдаа эрхлэгчид үүнийг эсэргүүцэж, “Нүүхгүй, үлдэнэ ээ” л гэж эцсээ хүртэл гүрийсээр байгаа.

Уг нь дэлхийн томоохон хотууд их, дээд сургуулиудаа нийслэлийнхээ ойролцоо хотхон маягаар төвхнүүлж, тэнд багш, оюутнуудын амьдрах байр, суух номын сан, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор гээд нийгмийн асуудлуудыг нь бүрэн төгс шийдэж өгдөг жишиг бий. Хүний анхдагч хэрэгцээ бүрэн хангагдаж, ажиллаж амьдрахад тав тухтай орчин бүрдэхээр заавал хот руу зүтгэж, замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэх, цаашлаад сургууль, цэцэрлэгийн ачааллыг нэмэгдүүлэх шаардлагагүй болно.

Өдгөө нийслэлд 150 мянган оюутан амьдарч байгаа аж. Намрын намарт замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг нь үүнтэй бас холбоотой. Харин цаасан дээр олон жил бичиж, агаарт хий хоосон ярьсан энэ сэдвийг АШУҮИС-ийнхан бодит ажил хэрэг болгож байна.

Өөрөөр хэлбэл, 150 мянган оюутнаас ядаж 12 мянгыг нь энэхүү шинээр барьж буй Их сургуулийнхаа хотхонд амьдруулахаар төлөвлөжээ. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар 1,000 гаруй багш, ажилчин шавь нараа дагаад тус хотхоныг бараадаж тэнд байранд орно гээд төсөөлөхөөр замын түгжрэл энэ хэрээр багасна. Мөн багш нар ганцаараа нүүхгүй гэр бүлээрээ нүүнэ. Очсон хойноо ойролцоох цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ өгнө гэхээр Их сургуулийн хотхоны ач холбогдол их.

Тус сургуулийн захирал Г.Батбаатар “Монголын их, дээд сургуулиудаас АШУҮИС анхдагч болж нийслэл хотын хүн амын төвлөрөл, ачааллыг бууруулахын тулд оюутны хотхоноо нүүлгэх саналыг гаргаж Засгийн газар ээлжит хуралдаанаараа хэлэлцээд дэмжихээр болсон. Тиймээс багш, оюутнууд шаардлагагүй тохиолдолд хотхоноос гарахгүй байхаар орчныг нь бүрдүүлнэ.

Өөрөөр хэлбэл, хүний өдөр тутмын амьдралд шаардлагатай бүх зүйлийг тэнд цогцоор нь шийднэ гэсэн үг. Зураг төсөл нь батлагдчихсан. Энэ ажил 200 гаруй тэрбум төгрөгөөр босож ирэх тооцоо бий. Бид одоогоор японуудтай хамтран ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг зөв татаж, байршуулж болдог гэдгийг жишиг хотхоноороо харуулна” гэж байна.

Энэхүү санал санаачилгыг Монгол Улсын Засгийн газрын зүгээс ч сайн дэмжиж байгаа бөгөөд 2020 он гэхэд АШУҮИС-ийн хотхоны байрууд ашиглалтад орж дуусах нь. Хамгийн гол нь бусад их, дээд сургуулиудад ч ийм боломж яг адилхан бий. Юм болгон дээр төр засаг руу чичиж, амыг нь хараад суулгүй өөрсдөө хөдөлж болдог гэдгийг АШУҮИС-ийнхан харуулж чадлаа.

Ийм жишиг, туршлагаас бэлэн “жор” аваад өөрийн орны онцлогт тохируулаад авах гээхийн ухаанаар хандахад болохгүй гэх газаргүй. Тухайлбал, монголчуудын хамгийн ихээр зорчиж, бас ажиллаж, амьдардаг Солонгост гэхэд Инчоны их сургуулиа хотын зах руу нүүлгэн шинэ оюутны хотхонтой болгохыг зорьж, барилгын ажлыг нь 2008 онд эхлүүлж байжээ.

Гэтэл өнөөдөр тэнд хэд хэдэн их сургууль нь нүүгээд орчихсон, тэр ч байтугай анх 2.76 сая хүн амтай хотынхоо төвлөрлийг бууруулах зорилготой барьсан тус хотхон одоо хот болон сүндэрлэж байна. Сонгдо хэмээн нэрлэгддэг тэр хэсэг газрыг Инчоны эдийн засгийн чөлөөт бүс болгон зарласнаар дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг олон улсын их, дээд сургуулиуд ч салбараа дуртайяа нээх болсон байна.

Зураг