Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын чип үйлдвэрлэгчийг худалдаж авах гэсэн Хятадуудын наймааг Трамп хориглолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын чип үйлдвэрлэгчийг Хятадын хөрөнгө оруулалттай компани худалдаж авах гэсэн оролдлогод Дональд Трамп өчигдөр хориг тавьжээ.

Ингэснээрээ Трамп зэр зэвсэгт ашиглах боломжтой өндөр технологийн салбарыг Хятадуудад алдах бодолгүй байгаагаа Бээжинд мэдрүүлж байгаа юм.

Lattice Semiconductor бол хагас дамжуулагч, бичил эд ангийн үйлдвэрлэл явуулдаг Америкийн тэргүүлэгч компаниудын нэг. Уг компанийг Canyon Bridge Capital Partners хөрөнгө оруулалтын фирм $1.3 тэрбумаар худалдаж авах гэж байв. Энэ наймаа хэрэгжсэн бол чип үйлдвэрлэх салбарт Хятадын хөрөнгө оруулалттай компанийн хийсэн хамгийн том худалдан авалт болох байлаа.

“АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг батлан хамгаалах үүргийнхээ хүрээнд ерөнхийлөгч дээрх наймааг хориглох шийдвэр гаргалаа” гэж АНУ-ын сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин өчигдөр мэдээлжээ.

Үүнээс гадна АНУ-ын MoneyGram International Inc санхүүгийн компанийг Алибаба группын бүрэлдэхүүнд багтдаг Ant Financial компани худалдаж авах хэлэлцээрийг Вашингтон одоо шалгаж байгаа юм.

Хятад улс чип, хагас дамжуулагч эд ангийн дэлхийн хамгийн том зах зээл болоод байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ хэрэгцээгээ дотооддоо хангадаг болохын тулд гадаадын үйлдвэрлэгчдийг худалдаж авах томоохон ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg