Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ыг чиглэж яваа Ирма хар салхи Барбуда арлыг балгас болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайд урьд нь үзэгдэж байгаагүй хүчтэй хар салхи үүссэнийг Ирма гэж нэрлээд байгаа. Уг хар салхи нь өдөр өдрөөр АНУ-ын зүүн эрэгт ойртож байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр Флоридад хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Ирма хар салхи Карибын тэнгисийн бяцхан арал Барбудаг дайрч, үлэмж хэмжээний хохирол учруулжээ. Гамшгийн үеэр хэсэг хугацаанд 1,600 орчим хүн амтай тус арал холбоо харилцаагүй болж, гадаад ертөнцөөс таслагдсан байна.

Хар салхи Барбудагийн оршин суугчдын байр сууцны 90 хувийг сүйрүүлж, үндсэндээ балгас болгожээ. Мөн гамшигт амиа алдсан хүний тоог одоогоор гаргаагүй байгаа юм.

Ирма салхи өнгөрсний дараа Антигуа ба Барбуда улсын ерөнхий сайд Гэстон Браун нисдэг тэргээр арлын дээгүүр нисч, нөхцөл байдалтай танилцсан байна.

Үүнийхээ дараа ерөнхий сайд “Хэрвээ би уйлхай хүн байсан бол уйлмаар байна. Миний амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай мэдрэмж энэ байлаа. Үнэмлэхүй сүйрэл, ямар ч хэтрүүлэггүй” хэмээн ярьжээ.

“Арлынханд нөөц холбоо, хиймэл дагуулын утас байсан ч бүгд эвдэрсэн. Тэдэнтэй харилцах ямар ч боломжгүй байлаа” гэсэн ерөнхий сайд хар салхийг өнгөртөл Барбудагийн зэргэлдээх аралд хоргодож байсан юм.

Арлын бүх байр сууцнууд сүйрсэн бөгөөд дэд бүтцийг сэргээхэд $150 саяас багагүй мөнгө зарцуулах шаардлагатай болжээ. Браун “Барбуда шууд утгаараа балгас боллоо. Сэргээн босгоход олон жил шаардагдана” хэмээн харууссан байна.

Ирма хар салхины айсуй гамшгаас сэргийлж, Флоридагийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил АНУ-д эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө Техаст Харви нэртэй хар салхи үлэмж хэмжээний хохирол учруулаад байгаа. Ийм хүчтэй хар салхи цаашдаа хэвийн үзэгдэл болохоор байгааг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулжээ.

Эх сурвалж: Russia Today