Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны өсвөр насандаа гаргаж байсан догшин зан ааш өнөөдөр үргэлжилж байна гэж судлаач дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэмийг судлаачийн үзэж байгаагаар Ким Жон Уны өсвөр насанд нь илэрдэг байсан догшин ааш зан өнөөдрийн дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж байгаа үндсэн шалтгаан болж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй Байдал, Стратегийн Хүрээлэнгийн захирал асан Нам Сун Вок Хойд Солонгосын удирдагчийн түүхийг судлахаар 2008 онд түүний суралцаж байсан Швейцарийн Берн хот дахь олон улсын дунд сургуульд зочилж, баримт материал цуглуулж байсан юм.

Тэрээр энэ үед ирээдүйн их удирдагчийн тухай нэгэн сонирхолтой баримт олж байснаа өчигдөр намынхаа хурал дээр ярьсан байна. 15 настай Ким тамхи татдаг байсан бөгөөд тухайн үед түүнтэй найзалж байсан ангийн охин нь тамхинаас гарахыг нэг удаа зөвлөж байжээ. Гэтэл Ким Жон Ун дэлбэртлээ уурлаж, бүдүүлэг үг хэллэгээр хараан загнаж, найз охиноо цочролд оруулж байсан баримтыг Нам Сун Вок илрүүлжээ.

 

“Түүний энэ зан улс орны удирдагч болсноор хэрхэн бодлогод нь нөлөөлж байгаа бол гэсэн айдас надад төрж байна” гэж хурлын үеэр тэр ярьсан байна.

Тиймээс Нам профессорын үзэж байгаагаар Солонгосын хойгийн асуудлыг намжаах цорын ганц арга нь Ким Жон Уныг суудлаас нь зайлуулах гэнэ. “Сүүлийн цөмийн зэвсгийн туршилт Кимийн зан аашийг харуулж байна. Хэрвээ тэр төрийн тэргүүн хэвээр байвал асуудал мөн оршсоор байна” гэж тэр ярьжээ.

Өмнөд Солонгосын засгийн газар ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Хойд Солонгосын удирдагчийг устгах зорилготой тусгай тасаг байгуулахаар төлөвлөөд байгаа. Осама Бин Ладенийг устгах ажиллагааг гүйцэтгэсэн АНУ-ын тусгай бүлэгтэй тус тасаг туршлага солилцохоор бэлдэж байгаа гэсэн мэдээлэл бий.

2011 онд нас барсан өмнөх удирдагч Ким Жон Ил 2008 онд цус харвасныхаа дараа гурав дахь хүү Ким Жон Уныг залгамжлагчаар бэлдэж эхэлсэн юм.

Том хүү Ким Жон Нам нь эцэгтэйгээ таардаггүй байснаас гадаадад олон жил амьдарч байгаад сүүлд хорлогдсон. Түүний үхэлд Ким Жон Уныг оролцсон байх магадлалтай гэж ажиглагчид үздэг. Харин хоёр дахь хүү Ким Жон Чулыг эцэг нь “жаахан охин шиг” сул дорой гэж үзээд залгамжлагчийн тооноос хассан байжээ.

Автын осолд орсны дараа Ким Жон Чулын биед шинжилгээ хийхэд эмэгтэй дааврын хэмжээ илүүдэлтэй байсан баримтыг Нам Сун Вок бас дэлгэсэн байна.

Дээрх судалгааг хийх явцдаа Нам профессор “Хойд Солонгосын дараагийн удирдагч нь Ким Жон Ун болох юм байна” хэмээн таамаглаж байснаа яриад “Харамсалтай нь миний таамаг өнөөдөр биелээд байна” гэжээ.

 

Эх сурвалж: Independent