Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд Хөх нуурт “дуураймал Ангараг” гараг бүтээхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрдэмтэд тус улсын баруун хойд нутаг болох Хөх нуурын өндөрлөгт “Ангарагийн хотхон” байгуулахад 400 сая юань ($61.1 сая) зарцуулахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төслийн багийнхан, орон нутгийн удирдлагууд оролцсон уулзалт болсныг өчигдөр Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Хятадын ШУА-ын сар болон сансрын гүнийг судлах салбарын захирал Лю Шяочун уг байгууламжийг эрдэм шинжилгээ, аялал жуулчлалын давхар зориулалттай байхыг мэдээлсэн ч нээгдэх хугацааг хэлээгүй байна.

Хөх нуур мужийн Цайдамын хөндийн 95,000 км.кв газар нутгийг шинэ байгууламж эзлэхээр төлөвлөгджээ. Энэ бүс нутгийн хуурай, хадархаг орчин нь Ангарагийн нөхцөл байдалтай хамгийн их ижил төстэйд тооцогдож байгаа гэнэ.

Ангараг дээр байгуулагдах хотхоныг дуурайлгасан байгууламжинд жуулчид зочилж, харь гарагийн амьдралыг мэдрэх боломжоор хангах бол мөн ирээдүйд Ангарагт илгээх судалгааны багийг ч энд бэлдэх юм байна.

Төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлж, Хөх нуурын засаг захиргаа ШУА-тай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж байжээ. Алслагдсан бүс нутгийнхан ч уг төслөөс эдийн засгийн үр ашиг хүлээж байгаа юм.

Хөх нуур муж нь хөгжил сул дорой, Хятаддаа хамгийн бага Дотоодын Нийт Бүтээгдэхүүнтэй бүс нутгуудын хоёрдугаарт жагсдаг аж.

Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид 2020 онд анхны нисэгчгүй хөлгийг Ангарагт илгээхээ зарлаад байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post