Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргыг хоёр гараа өргөөд дэмжье

Т.Болор-Эрдэнэ
2017 оны 9 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралджээ. Энэ үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахтай холбогдуулан их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах ажлыг судалж, хэрэгжүүлж эхлэх үүрэг өгсөн байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүлжээ.

Тодруулбал, “Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй томоохон их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хот болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэжээ. Хотын даргын энэ шийдвэр нийслэлийн иргэдийн загатнасан газар нь маажиж өглөө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэлд төвлөрч шоргоолжны үүр шиг болсон гэхэд хилсдэхгүй. Утаа, замын түгжрэлийн тухай ярихаа байя, уулын орой, үерийн ам, галын шугаман дор гэрээ барьсан, оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байгаа айлуудыг азная гэхэд гэхэд цагтаа Азийн цагаан дагина хэмээн алдаршиж байсан Улаанбаатар хотын тэртээ 1964 онд 500 мянган хүн амд тооцоолон барьсан Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон.

Насжилт нь хэрээс хэтэрсэн Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр газар авсныг хэн хүнгүй мэднэ. Үүнээс гадна оюутны бөөгнөрлөөс үүдсэн баар цэнгээний газар, буудлын тоо утгаа алдлаа. Орон нутгаас хотод суурьшиж байгаа оюутнууд ч түрээсийн болон нийтийн байрны төлбөрийг жилийн гурван улиралд хөөрөгдөж байна. Тэд ч “орк”, малаараа цоллуулан байж Улаанбаатарт байгаад яах вэ.

Албаны тоон мэдээллээр нийслэлд төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Үүн дээр багш, ажилтнууд болон ам бүлийг нь оролцуулбал нэлээд өндөр тоо гарна. Их, дээд сургуулийг нүүлгэх замаар энэ тооны хүнийг хотоос гаргавал Улаанбаатарын хүн амын төвлөрөл ойролцоогоор 20-30 хувь буурна гэж үздэг. Орон нутгийн талаас бодсон ч их, дээд сургуулийг байршуулснаар олон тооны оюутныг дагаад эдийн засаг, санхүү болон үйлдвэржилт бүтээн байгуулалтад маш том эерэг нөлөөтэй.

Гэвч жил бүрийн намар их, дээд сургуулийг хотоос гаргах тухай ярьдаг ч ажил хэрэг болохгүй байсаар ихэнх сургуулийн барилга байгууламжийн ашиглалтын хугацаа дуусаж эхэлсэн. Сүүлийн долоон жилийн турш их, дээд сургуулиудын суралцагч, оюутны хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхон хотын гадна барьж байгуулах талаар олон талаас нь хэлэлцэж, судалсан ч үр дүнд хүрээгүй хэвээр. Энэ хугацаанд зарим хувийн сургууль Улаанбаатар хотод өргөтгөлийн барилгаа бариад хэдийн ашиглалтад оруулсан.

Тэртээ долоо, найман жилийн өмнө их дээд сургуулиудыг хотоос гаргаж, хөгжилтэй орнуудын жишгээр тусгай хотхон байгуулна. Танхимд сурч мэдсэнээ эрдэм шинжилгээ судалгааны ажлаар баталгаажуулах боломж олгосон төрөлжсөн лаборатори, номын сантай оюутны хотхоныг Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн оюутны хотхоны ашиглалтын өмнөх захиргааг байгуулан техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж дууссан тухай албаныхан хэлж байсан.

Хотхон барих хөрөнгийн тодорхой хувийг төсвөөс гаргах бөгөөд үлдсэнийг нь хотын төвд байгаа их, дээд сургуулийн өмчийн барилга байшинг дуудлагаас худалдаж зохицуулахаар болсон гэсэн шуум газар авсан юм. Дараа нь гэнэт л оюутны хотхоны бүтээн байгуулалт Багануурт болж өөрчлөгдсөн. 2008-2012 онд Ардчилсан нам засгийн эрхийг авах үед оюутны хотхоны бүтээн байгуулалтыг дахин судлах болсон. Ийн оюутны хотхон “утаа” болсон түүхтэй.

Харин Улсын Баатрын зориглоогүй ажлыг Улаанбаатар хотын захирагч С.Батболд барьж авлаа. Нийслэлийн дийлэнх иргэн хоёр гараа өргөөд таныг дэмжинэ. Харин ажлынхаа ард гарах хэрэгтэй. Уг нь засгаас төсөв хөрөнгийг нь батлуулаад нэгэнт эхлүүлчихвэл их, дээд сургуулиа нийслэлээс гаргах нь тийм ч боломжгүй зүйл биш. Гэхдээ улсын эдийн засаг хүнд байгаа үед эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй.

Гадны орнуудын жишгээс харахад үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгчдэд оюутны хотхонд газар болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог юм билээ. Учир нь оюутны хотхоноор “түшиц газар”-аа хийсэн үйлдвэр болон бизнес эрхлэгчид цагийн хямд ажиллах хүч болон мөнхийн найдвартай хэрэглэгчтэй байж чаддаг.

Зураг