Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Австри, Австралийг ялгадаггүй хүмүүстэй ажиллах хэцүү

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын Шямэнь хотод BRICS-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, Орос-Америкийн харилцааны талаар ярьсан байна.

Саяхан АНУ-ын тал тус улсын нутагт байрлах Оросын дипломат албаны байрнуудыг хаасан явдлыг Путин “дээрэмчний арга барилтай үйлдэл” хэмээн нэрлээд “Австри, Австралийг ялгаж чаддаггүй хүмүүстэй хэл амаа ололцох хэцүү. Америкийн төрд байгаа зарим хүмүүсийн улс төрийн соёлын түвшин ийм л байна” гэжээ.

2007 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Австри, Австралийг хольж солин будилж байсныг Путин ийнхүү дурдсан бололтой. Тухайн үед Буш чуулганыг зохион байгуулсан Австралийн Сидней хотод талархлаа илэрхийлж байсан ч удалгүй Австралийн ерөнхий сайдыг Ирак дахь Австрийн цэргүүд дээр зочилж байсан тухай дурсан ярьсан юм.

Путин “Америк бол үнэхээр агуу гүрэн, Америкчууд агуу ард түмэн хэдий ч тэдний засгийн газарт ийм олон доод түвшний улс төрийн соёлтой хүмүүс байдаг нь харамсалтай” хэмээн хэлсэн байна.

Мөн түүнээс Дональд Трампын бодлогод гомдолтой байдаг эсэхийг сэтгүүлч асуухад Путин “Таны асуулт их гэнэн сонсогдож байна. Тэр надтай сүй тавьсан хүн биш, би ч бас түүний сүйт хархүү биш. Бид бол төрийн хүмүүс шүү дээ” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Russia Today