Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжаны эрх баригчдын төлөө үйлчилж байсан $3 тэрбумын бохир мөнгийг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев эхнэрийн хамт

Азербайжан улсын эрх баригчид $3 тэрбумын хэмжээтэй нууц санг хоёр жилийн хугацаанд Европын улс төрчдийг лоббидох, тансаг эд зүйлс худалдан авахад ашиглаж байсныг мөрдөгчид илрүүлжээ.

Энэ мөнгийг Британий дөрвөн банкаар дамжуулан ашиглаж байсан гэнэ. Азербайжан улсын эрх баригч дэглэмд таатай ханддаг болгох, шүүмжлэлээс ангид байлгахын тулд Европын улс төрчдөд ихээхэн мөнгө зарцуулж байжээ.

2014 он хүртэл хоёр жилийн хугацаанд зарцуулагдаж дууссан энэхүү мөнгийг Azerbaijan Laundromat (Азербайжаны угаалгын машин) гэж нэрлэж байгаа бөгөөд Европын зарим хэвлэлүүд, Зохион Байгуулалттай гэмт хэрэг, Авлигыг Мэдээлэх Төсөл (OCCRP) байгууллага хамтран илрүүлжээ.

Мөнгөний эх сурвалж тодорхойгүй байгаа. Гэхдээ Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевийн гэр бүлтэй холбоотойг харуулсан баримтууд хангалттай байгааг тайланд өгүүлсэн байна.

Мөнгийг зарцуулж байх хугацаанд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, газрын тосоор баян энэ орны авлигын нөхцөл байдал, сонгуулийн луйвар, сөрөг хүчнийхнийг хавчдаг байдал, хүний эрхийн зөрчлийг ид шүүмжилж байсан юм.

Тиймээс мөнгөний ихэнхийг лоббичид, улс төрчид, бизнесмэнүүд, хэвлэлийнхэнд зарцуулсан байна. Ажиллагаа ч үр дүнд хүрсэн нь 2013 онд Европын Зөвлөлийн Парламентын чуулган Азербайжаны дэглэмийг шүүмжилсэн тогтоол гаргаж чадалгүй өнгөрснөөс харагдаж байгаа юм.

Тус зөвлөлийн 47 гишүүн Европын Хүний эрхийн конвенцийн хэрэгжилтийг хянаж, шийдвэр гаргах ажиллагааг Страсбургт явуулж байдаг юм. Дээрх хэрэгтэй холбоотойгоор Азербайжаны асуудлыг хэлэлцсэн хурлын санал хураалтын дүнг шалгаж эхэлсэн ба шалгалтын дүгнэлт нь энэ оны сүүлээр гарахаар болжээ.

Үүнээс гадна Азербайжаны элитүүдийн хүүхдийг гадаадад сургах, амьдрах зардлыг энэ нууц сангаас гаргаж байсныг илрүүлсэн байна.

 

Эх сурвалж: BBC