Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Used in Japan” шошготой осолдсон машинуудын эрэлт сайн байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японд явж байгаад осолд орж гэмтсэн автомашинуудыг гадаад зах зээлд хямд үнээр борлуулдаг стартап компани тун амжилттай ажиллаж байгаа гэнэ.

Эвдэрсэн машинуудын засуулах зардал шинэ машин авсантай дүйцэх болдог тул эзэд нь ч дуртай зардаг байна. 1996 онд байгуулагдсан Сайтамагийн Tau компани өөрийн вэбсайтаар дамжуулан “Used in Japan” буюу Японд явж байсан гэх шошготой автомашинуудыг гадаад зах зээлд зардаг юм. Хэдийгээр эвдэрсэн чигт нь шууд зардаг ч Японд явж байсан гэдэг утгаараа эрэлттэй байдаг тул тус компанийн сайтад 100,000 орчим гадаадын борлуулагч ажиллаж, дуудлага худалдаагаар машиныг нь авдаг байна.

Tau компанийн гүйцэтгэх захирал Акитака Миямото “Машинуудын 95 хувь нь эхний 48 цагийн дотор зарагддаг” хэмээн ярьжээ.

Тус компани нэг жилд 50,000 эвдэрсэн автомашиныг хилийн чанадад болон Японд зардаг гэнэ. Эвдэрсэн байдлаар нь экспортлоход татвар нь ч бага байдаг аж. Гадаадын борлуулагчид авсан машинаа зассаны дараа дотоодын зах зээлдээ зарж ашиг олдог байна. Харин Tau компани хулгайн машин зарахаас сэргийлж, эвдрэлтэй машинуудын гарал эзэмшлийг нягтлан шалгадаг ажээ.

Тэд зөвхөн эвдэрхий машин бус, мөн хуучин автомашин, сэлбэг, эд анги зардаг юм байна.

 

Эх сурвалж: Nikkei