Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Польшийн гадаад хэргийн сайд дайны төлбөрт Германаас $1 их наядыг авах ёстой гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Польшийг хохироосныхоо төлөө Герман улс $1 их наяд орчмын нөхөн төлбөр төлөх ёстой гэж тус улсын гадаад хэргийн сайд хэлжээ.

Сайд Витольд Вашиковский орон нутгийн RMF радио сувагт ярихдаа 1939 онд Польшийг эзлэн түрэмгийлсэн Германтай дайны нөхөн төлбөрийн асуудлаар нухацтай хэлэлцэх ёстой гэсэн байна.

Тэрээр Польшийн материаллаг хохирол $1 их наядаас илүү гарна хэмээн ярьжээ. Тус улсын батлан хамгаалахын сайд Антони Мачеревич өмнө нь бас Германчуудын гарт үрэгдсэн Польшуудын хувь заяаны түүхийг Европын ой санамжаас арчиж хаяхын эсрэг байгаагаа илэрхийлж байв.

Польшийн коммунист засаглал 1953 онд дайны үеэр Германы учруулсан хохирлыг барагдуулах асуудлыг сөхөхгүй байх шийдвэр гаргаж байжээ. Гэвч өнөөдрийн үндсэрхэг үзэлтэй эрх баригчид дээрх шийдвэрийг цуцалж, Германаас нөхөн төлбөр авах тухай дахин ярьж эхлээд байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед зургаан сая орчим Польш хүн амь үрэгдсэний гурван сая орчим нь жүүд хүмүүс байсан ба нийслэл Варшав хотын ихэнх хэсэг сүйдсэн гэдэг.

Гадаад хэргийн сайд Польш улс нөхөн төлбөрийн асуудлыг хэзээ албан ёсны байр суурь болгож зарлахыг хэлээгүй байна.

Бие даасан Ibris судалгааны байгууллагын гаргасан санал асуулгын дүнгээр Польшуудын 51 хувь нь дайны нөхөн төлбөр Германаас авахын эсрэг байгаа бол 24 хувь нь дэмжжээ.

Эрх баригч консерватив Хууль, Шударга ёсны намын хэрэгжүүлж байгаа шинэчлэл нь Польшийн ардчиллыг сулруулах аюултай болоод байгааг шинжээчид сүүлийн үед шүүмжлэх болсон юм.

 

Эх сурвалж: Independent