Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Македон” нэрний төлөө тэмцэл Македон, Грекийн хооронд үргэлжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Баруун гараас Грекийн гадаад хэргийн сайд Нокас Коциас, Македоны гадаад хэргийн сайд Никола Димитров нар

Өчигдөр буюу Пүрэв гарагт Македоны нийслэл Скопье хотод Македон, Грекийн гадаад хэргийн сайд нар уулзжээ.

Энэ нь тэдний өнгөрсөн тавдугаар сараас хойш хийж буй хоёр дахь уулзалт юм. Уулзалтын дараа Македоны гадаад хэргийн сайд Никола Димитров Грекийн сайдад хандаж, “шинэ бодит байдлыг” хүлээн авч, өөрийн улсыг NATO болон Европын холбоонд элсэхэд саад хийхгүй байхыг уриалжээ.

Өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан ерөнхий сайд Зоран Заевын засгийн газар Гректэй удаан үргэлжилж байгаа маргааныг шийдэж, Македоныг NATO болон Европын Холбоонд элсүүлэх ажлыг түргэтгэхээр ажиллаж эхэлсэн юм.

Гэвч Грекийн гадаад хэргийн сайд Нокос Коциас хоёр орны хоорондын нэрний маргааныг шийдмэгц Македоны гишүүнчлэлийг дэмжихээ илэрхийлжээ. Гэхдээ талууд нэрний асуудлаас бусад практик чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Грекчүүд өөрийн хойд мужийн нэр болох Македоныг өөр улс ашиглахыг удаан хугацаанд эсэргүүцэж байгаа юм.

Энэ маргаанаас болоод Грек улс Македоныг NATO-д элсэхэд эсрэг санал өгч саад хийж байгаа. Мөн Европын Холбооны гишүүнээр элсэх орон хөршүүдтэйгээ ямар нэг маргаан зөрчилгүй байх ёстой гэдэг шаардлага алдагдаж, Македоныг тус эвсэлд нэгдэхэд саад болж байгаа юм.

Нэрний маргаанаас болоод Македон улсыг Грек болон бусад улсууд Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс (Former Yugoslav Republic of Macedonia) гэж нэрлэхэд хүрээд байна.

1990-ээд оны үед Югослав задарч, Македон улс шинээр байгуулагдсан цагаас эхлэн Грек улс нэрний асуудлаар маргаж эхэлсэн юм. Грекчүүд Македон нэрийг өөрийн хойд мужид өгсөн байдаг ба энэ нь тус үндэстний эртний баатар Их Александрын төрөлх нутагт тооцогддог ажээ.

Македон нэрийг эзэмших түүхэн эрхтэй гэдгээ байнга сануулдаг Грек улс мөн өөрийнх нь нэг мужтай ижил нэртэй улс байх нь газар нутгийн маргаан үүсгэж болзошгүй хэмээн болгоомжилдог юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty