Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Харвей далайн хар салхины улмаас Хьюстон хот үерт автаад байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Далайн хар салхи Харвей өнгөрсөн Баасан гарагийн шөнө АНУ-ын Техас мужийн эргийг дайрах үедээ секундэд 58 метрийн хурдтай байжээ.

Салхины дараа их хэмжээний аадар бороо орсноос Хьюстон болон бусад хотууд үерт автаад байна. Байшингуудын хоёрдугаар давхар усанд автаж эхэлсний дараа Үндэсний Цаг уурын Албанаас онц байдал зарлажээ.

 

Хьюстон хотын дундуур урсдаг голуудын усны түвшин хэвийн хэмжээнээсээ 2.4-3 метрээр нэмэгдсэн байна. Техасын зарим хэсгүүдэд унах хур тунадасны хэмжээ 1.27 метр хүрсэн нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт юм.

Хар салхины улмаас 250,000 өрх цахилгаангүй болж, 5 хүний амь үрэгдсэн бөгөөд амиа алдагсдын тоо цаашдаа нэмэгдэхээр байгаа гэнэ.

Ойрын хэдэн өдөр аадар бороо үргэлжлэн орохоор байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн Мягмар гарагт Хьюстон хотын орчимд очиж, гамшгийн нөхцөл байдалтай танилцахаа зарлажээ.

Тэрээр твиттер хуудсандаа Харвей хар салхийг “500 жилд нэг тохиох гамшиг” гэж мэргэжилтнүүд дүгнэснийг онцолсон байна.

Эх сурвалж: Business Insider, Russia Today