Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 1-нээс Хятадын мэдээний сэтгэгдлүүд эзэнтэй болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын интернэт хэрэглэгчид мэдээнд сэтгэгдэл бичихдээ заавал өөрийгөө хэн гэдгийг урьдчилан таниулсан байх ёстой болж байгааг тус улсын кибер орон зайн зохицуулагч байгууллага Баасан гарагт мэдэгджээ.

Шинэ журам ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжих бөгөөд интернэтэд хяналт тавих Бээжингийн цуврал арга хэмжээнүүдийн сүүлийн алхам болж байна. Мэдэгдэлд онлайн орчны сэтгэгдлүүд нь “цуурхал тараах, үнэнийг гуйвуулах, хууль бус мэдээлэл тараах, бүдүүлэг үг хэллэг ашиглах” талбар болж байгаа тул ийм арга хэмжээ авч байгааг тайлбарлажээ.

Интернэт компаниуд аравдугаар сарын 1-нээс хэрэглэгчдийнхээ бодит нэр усыг тодруулж байж сэтгэгдэл бичих эрх өгөх юм. Үүнд бүх вэбсайтууд, ухаалаг гар утасны аппликэшнүүд, чат, интерактив харилцааны хэрэгслүүд зэрэг “мэдээлэл түгээх болон нийгмийг хөдөлгөх чадвартай бүх платформууд” багтаж байгаа юм байна.

Мөн буух эзэнтэй болсон сэтгэгдлүүдэд хяналт тавьж, хууль бус агуулгатайг нь хууль хүчний байгууллагуудад мэдээлж байх үүргийг үйлчилгээ үзүүлэгч компаниудад үүрүүлжээ.

Ингэж бодит нэрээрээ интернэт харилцаанд орохыг 2015 оны эхээр журамлаж байсан ч одоог хүртэл хэрэгжүүлэх алхам хийгээгүй байв.

Тэгвэл энэ оны зургаадугаар сард батлагдсан кибер орчны зохицуулалтын шинэ хуулиар хатуу журамтай болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post