Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр орой Лондон, Брюссельд дараалан зэвсэгт халдлага үйлдэхийг завдав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Бельгийн нийслэл Брюссель хотын төвд хутгаар зэвсэглэсэн этгээд эргүүлийн цэргүүд рүү довтолсон хэрэг гарчээ. Халдлага үйлдэгчийг цэргүүд буудаж зогсоосон байна.

Зэвсэглэсэн этгээд хоёр удаа “Аллах Акбар” (Араб хэлээр Бурхан хамгийн хүчтэй гэсэн үг) гэж хашхираад довтолсон гэнэ.

Тиймээс халдлагыг террорист үйлдэл гэж үзэн шалгаж байгаагаа Бельгийн прокурор мэдээлжээ.

Халдлагын үеэр хоёр цэрэг биедээ хөнгөн шарх авсан бол халдлага үйлдэгч хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт этгээд нь 30 орчим настай, өмнө нь террорист үйл ажиллагаанд нэр холбогдож байгаагүй, Сомалийн дүрвэгч байсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Тэр өмнө нь жижиг хэмжээний гэмт хэрэгт холбогдож байсан нь батлагдсан байна.

Энэ явдлаас хэдхэн цагийн дараа Лондон хотын Букингэмийн ордны гадаа мөн халдлага үйлдэхийг завдсан этгээдийг цагдаа нар баривчилжээ.

20 гаруй настай залуу Букингэмийн ордны ойролцоо ирэхэд машинд нь зэвсэг байгааг цагдаа нар мэдмэгцээ даруй уг этгээдийг саатуулсан байна.

Саатуулсан цагдаа нар баривчилгааны үеэр хөнгөн гэмтэл авцгаажээ. Энэ хэргийг терроризмтай холбоотой эсэхийг хэлэхэд эрт байгааг мөрдөн байцаагчид мэдэгдсэн юм.

Хэргийн үеэр Букингэмийн ордонд Хатан хаан байгаагүй байна. Ордны ойролцоох гудамж, талбайг түр хугацаагаар хааж, хамгаалалтыг чангатгажээ.

 

Эх сурвалж: Russia Today