Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хойд Солонгос зүүн тэнгисийн ус руу хэд хэдэн пуужин харважээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэм зүүн тэнгисийн ус руу богино тусгалын пуужингуудыг өнөөдөр өглөө харважээ.

Өглөөний 06:49 цагт үл мэдэгдэх төрлийн хэд хэдэн пуужинг Ганвон мужийн Гитдэрёны ойролцоогоос харвасан гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлсэн байна. Пуужингууд зүүн хойд зүгт 250 км орчим зайнд туссан болохыг мөн тодорхойлжээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын армийнхан шинжилгээ хийж, бусад мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Холбоотнууд энэ долоо хоногт жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилалтаа явуулж байгаа юм. Хойд Солонгос энэхүү сургуулилалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв.

Тэгвэл өнөөдрийн пуужин харвасан явдал нь Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авсан хариу арга хэмжээ байж магадгүй.

Пуужингийн тухай мэдээлэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инд хүрч, даруй Хөх ордонд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдаж эхэлсэн байна.

Одоогоос сарын өмнө Хойд Солонгос алсын тусгалын баллистик пуужин туршсан юм.

Энэ долоо хоногт Вашингтон Хойд Солонгостой харилцах харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарч байгааг мэдэгдэж байв. Тухайлбал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Мягмар гарагт хэлэхдээ “Пёньяны дэглэм өмнө нь үзэгдэж байгаагүйгээр асуудалд тэвчээртэй хандаж эхэлснийг мэдэгдэхэд таатай байна” гэсэн юм.

Тэр Пёньянтай яриа хэлэлцээр эхлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн Хойд Солонгосын талаар өөдрөг мэдэгдэл хийсэн юм. Тэрээр Ким Жон Уныг “тэр бидэнд хүндэтгэлтэй хандаж эхэлснийг сонсоход таатай байна” гээд “зарим эерэг үр дүн гарахад ойртож байж магадгүй юм” хэмээн энэ долоо хоногийн эхээр олон нийтийн өмнө үг хэлэхдээ ярьжээ.

 

Эх сурвалж: Korea Times