Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган байгаа цагт Туркийг Европын Холбоонд элсүүлэхгүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Одоогийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганаар удирдуулж байгаа тохиолдолд Турк улс хэзээ ч Европын Холбооны гишүүн болохгүй гэж Германы гадаад хэргийн сайд Зигмар Габриел хэлжээ.

Германы Bild сонинд өгсөн түүний ярилцлага NATO-гийн хоёр гишүүн болох Герман-Туркийн харилцааг улам муутгахаар байна. Үүний өмнөхөн Туркийн ерөнхийлөгч Эрдоган Герман дахь турк гаралтай иргэдийг ирэх сард болох сонгуульд Германы эрх баригч намын эсрэг санал өгөхийг уриалаад байсан юм.

Габриел “Одоогийнх шигээ хэвээр байвал Турк хэзээ ч Европын Холбооны гишүүнээр элсэж чадахгүй” хэмээн ярьжээ.

“Бид элсүүлэхийг хүсэхгүй байгаадаа биш, Туркийн эрх баригчид болон Эрдоган Европын үнэт зүйлсээс хурдтай холдож байгаад асуудлын гол нь байна” гэж тэр бас хэлсэн юм.

Өнгөрсөн оны долдугаар сард гарсан цэргийн эргэлтийн дараа Эрдоганы явуулж байгаа бодлогыг Европын Холбооны удирдагчдын зүгээс хүчтэй шүүмжилж байгаа.

Харин ерөнхийлөгч Эрдоган өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг чангатгах нь Туркийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гэж үзэж байна. Германд Турк гаралтай гурван сая иргэн байдаг. Тэдний тал орчим нь ирэх сарын 24-нд болох сонгуульд санал өгөх юм.

Тэгвэл Эродган тэдэнд Германы одоогийн эрх баригчдын эсрэг санал өгөхийг уриалсан нь хоёр орны харилцааг муутгасан байна. Энэ оны эхээр Эрдоган мөн Германы эрх баригчдыг Нацист арга барилтай хэмээн шүүмжилж байв. Дараа нь турк гаралтай герман сэтгүүлч, Германы хүний эрхийн тэмцэгч нарыг Анкара баривчилсан нь байдлыг улам хүндрүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Independent