Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлийн судас бүдүүрэх ЗУРГААН шалтгаан

ikon.mn
2017 оны 8 сарын 26
HEDU.MN
Зураг зураг

Хөлийн судасны бүдүүрэл буюу венийн судасны өргөсөл хэмээн нэрлэдэг энэ өвчнөөр өвдөж, шаналсан зовлонг нь мэддэг хүмүүс цөөнгүй. 

Эрээн булчингийн судас товойж, цэнхэртэж харагдсан, удаан явах, зогсоход өвддөг хүмүүсийг харж байсан байх. Магадгүй таны ээж, эгч, дүү зэрэг ойр тойрныхонд чинь хүртэл байж болно.

Олон хүмүүс хөлийн судас өргөссөн гэж ярилцах боловч төдийлөн тоохгүй  өвчин хүндэрсэн хойно эмнэлэгт хандах нь бий.

Тэгвэл венийн судасны өргөсөл гэж юу вэ? Үндсэн шалтгаан нь юу болох талаар ярилцъя.

Хөлийн судас бүдүүрэх гэж юу вэ?

Венийн судас болгонд клапан буюу хавхлага бий. Энэ хавхлага нь венийн судсаар урсаж буй цусны урсгалыг нэг чигт явуулах буюу буцаж урсгахгүй байх үүрэгтэй. Гэтэл энэ хавхлаганы үйл ажиллагаа муудсанаас болж цус буцаж урсан судсан доторх даралт ихэсдэг.

Судасны хана уян хатан учраас энэ даралтыг зохицуулахын тулд тэлж өргөсдөг бөгөөд үүнийг судасны өргөсөл гэж нэрлэдэг.  

Хөлийн судас яагаад бүдүүрдэг вэ?

1.Нас

Энэ өвчин ихэнхдээ 50-аас дээш насанд илүүтэй тохиолддог. Учир нь нас ахихын хэрээр эд, эрхтнүүдийн үйл ажиллагаа ч сулардаг бөгөөд вений судсанд ч ийм өөрчлөлт ордог.

Судасны үйл ажиллагаа өөрчлөгдөхөд өмнө дурдсан хавхлагын үйл ажиллагаа алдагдсанаас судас өргөсөж эхэлдэг байна.

Харин энэ өвчин эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Судалгаагаар гурван эмэгтэйн нэг нь, харин 10 эрэгтэйн нэг нь энэ өвчинд өртдөг байна.

2.Жирэмслэлт

Жирэмсэн үед умай томрохын хэрээр венийн судсыг дарж, ачаалал учруулдаг.  Түүнчлэн жирэмсэн үед ялгардаг гормоны нөлөөгөөр венийн судас өргөсөх аюултай. Эрүүл хүнд  төрсний дараа буюу судсанд учруулж байсан даралт алга болмогц өргөссөн судсууд агшиж хэвийн  байдалд орох ёстой.

Венийн судасны гэмтэл, эсвэл таргалах зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас судас өргөссөн хэвээр үлдэж болно. Тийм учраас өөрт байгаа эрсдэлтэй хүчин зүйлийг арилгах нь энэ өвчнөөр өвдөхөөс сэргийлэх ач холбогдолтой.   

3.Ажлын нөхцөл

 Хүн зогсоо байхад татах хүчний нөлөөгөөр цусны урсгал доош чиглэдэг. Түүнчлэн дээр дурдсан венийн судсан доторх хавхлагын тасралтгүй буюу амралтгүйгээр ажиллах хугацаа дунджаар  3-4 цаг байдаг. 

Гэтэл тогооч, үсчин, худалдагч, замын цагдаа, мэс заслын эмч зэрэг ажилтай хүмүүс олон цагаар тасралтгүй зогссоноос хөлийн венийн судсанд ирэх ачаалал нэмэгдсэнээс судас өргөсөх өвчнөөр өвдөх нь элбэг. Энэ өвчин удаан хугацаагаар суугаа ажил хийдэг хүмүүст бас тохиолдоно.

Учир нь удаан хугацаагаар суух нь венийн судсанд даралт өгч цусны урсгалыг хаадаг.

 

4.Таргалалт

Таргалалтын үзүүлэх нөлөө нь  жирэмслэх үеийнхтэй адил боловч таргалалт нь өөрөө өвчин үүсгэх эрсдэлтэй хүчин зүйл болдог. Тийм учраас венийн судас өргөсөхөөс сэргийлэх нэг арга нь таргалахгүй байх юм.

5.Цэвэршилт

Цэвэршилтийн дараа гардаг гормоны өөрчлөлтийн нөлөөгөөр судасны хананы үйл ажиллагаа өөрчлөгдөж эхэлнэ.

Эрүүл  эмэгтэйд цэвэршилт нь дунджаар 50 наснаас эхэлдэг бөгөөд тарган, идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, амьдралын буруу хэвшилтэй эмэгтэйн цэвэрших хугацаа 2-3 жилээр наашилдаг.

Цэвэршиж эхлэх нь ч судас  өргөсөх шалтгааны нэг болдгийг анхаар.

6.Удамшил

Ээж аав болон дээд үеийнхэнд тань  энэ өвчнөөр өвдөж байсан хүн байгаа бол та ч бас өвдөх эрсдэлтэй хэмээн үздэг.  

Шинж тэмдэг болон эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар  Хөлийн судас өргөсөж харагдах нь хүндэрч байгаагийн шинж нийтлэлээс уншаарай. 

 

Эх сурвалж: HEDU.MN

Зураг