Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагч 5 жилийн хорих ял авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдээс хойш Өмнөд Солонгосын шүүх Самсунг Электрониксийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнд тус улсын экс ерөнхийлөгчид авлига өгөхийг завдсан болон бусад хэрэгт буруутган таван жил шоронд хорих ял оноолоо.

Түүнийг мөн гадаадад хөрөнгө нуусан, гэмт үйлдлээс ашиг олсон гэж буруутгажээ. 49 настай Лид прокуророос анх 12 жилийн ял төлөвлөсөн байсан юм. Тэгвэл шүүх таван жил болгож бууруулсан байна.

Экс ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чой Сүүн Сил нарт авлига өгснийхөө хариуд Самсунг группын компаниудыг нэгтгэхэд засгийн газраас дэмжлэг авч, групп дотрох эрх мэдлээ нэмэгдүүлэхийг завдсан гэж шүүх үзжээ. Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг тус компанийн томоохон хувь эзэмшигч нь засгийн газрын мэдлийн Үндэсний Тэтгэврийн сан юм.

Өмнөд Солонгосын хамгийн том бизнес бүлэглэлийн өв залгамжлагч болох Ли Жэ Ён нь Чой хатагтайн удирддаг дөрвөн байгууллагад нийтдээ $38 саяын авлига санал болгосон гэнэ.

Хурлын үеэр Ли эдгээр баримтуудыг бүгдийг няцаасан юм. Түүний хэрэг Өмнөд Солонгосын хамгийн том бизнес группын нэр хүндийг сэвтээж, удахгүй болох экс ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний дотны найз Чой Сүүн Силийн шүүх хурлын үр дүнд нөлөөлөхөөр болоод байна.

 

Эх сурвалж: Kyodo News