Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн түүхэнд хамгийн өндөр сугалааны шагналыг 53 настай эмэгтэй хожлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хоёр хүүхдийн эх, 53 настай Массачусетсийн оршин суугч эмэгтэй АНУ-ын түүхэнд хамгийн өндөр сугалааны шагнал буюу $758.8 саяыг Powerball Jackpot сугалаанаас хожжээ.

Мэвис Ванчик сугалаанд хожсоныхоо дараа 32 жил асрагчаар ажилласан эмнэлгээсээ шууд гарсан байна.

Бүтэшгүй мөрөөдөл гэж төсөөлдөг байсан их мөнгөтэйгээ учирсан Мэвисийн нөхөр өнгөрсөн жил согтуу жолоо барьж яваад ослоор амиа алдсан ажээ. Өчигдөр тэрээр шагналаа гардаж авахаар ээж, хоёр эгчийн хамт ирэхдээ “ажил руугаа утастаж, дахиж очихгүй болсноо хэлсэн” гэж хэвлэлийнхэнд ярьсан юм. Түүнээс юу хийхээр төлөвлөж байгааг нь сэтгүүлчид сонирхоход Мэвис “Орноосоо босохгүй хэсэг нуугдана” хэмээн хариулсан байна.

 

Мэвис Бостоноос 160 км зайтай Чикопи хэмээх жижиг хотын дэлгүүрээс бохь авахдаа сугалаанд оролцсон бөгөөд гэр бүлийнхнийхээ төрсөн өдрүүдийн тоог сонгож бөглөсөн гэнэ.

2016 онд Powerball сугалаанаас $1.6 тэрбумыг хожсон тохиолдол гарч байсан ч энэ шагналыг гурван хүн хувааж авсан юм. Харин Мэвисийн шагнал нэг хүнд оногдож байгаа гэдэг утгаараа хамгийн өндөр нь болж байна.

Азтан эмэгтэйд одоо хоёр сонголт байгаа. Энэ мөнгийг тэр 30 жилийн хугацаанд цувуулж авбал бүрэн авах юм. Харин шууд нэг дор авна гэвэл татвар төлөөд гар дээрээ $336 саяыг авахаар байгаа гэнэ.

Мэвис 31 настай охин, 26 настай хүүтэй бөгөөд тэднийхээ амьдралд санаа зовох зүйлгүй болсондоо баяртай байна.

Одоо тэр ганцаар байж, юу хийхээ төлөвлөх хүсэлтэй байгаагаа хэлжээ.

 

Эх сурвалж: AFP