Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Элчин сайд нар учир битүүлэг шалтгаанаар нас барсаар байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Суданд суух ОХУ-ын элчин сайд Хартум дахь гэрийнхээ усан санд нас барсан юм.

63 настай дипломатч Миргаяс Ширинскийг зүрхний шигдээсээр нас барсныг ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ. Түүний үхлийн шалтгааныг жам ёсны, Ширинскийн цусны даралт өндөр байсан гэж мэдэгдэж байгаа ч сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын хэд хэдэн элчин сайд нар ийм шалтгаанаар хорвоог орхиод байгаа юм.

Тэдгээрийн хоёр нь Ширинскийтэй адил зүрхний шигдээсээр нас баржээ.

Тухайлбал өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ дахь Оросын элч Виталий Чуркин зүрхний шигдээсээр Нью Йорк хотод таалал төгссөн. 2016 оны арванхоёрдугаар сард Казахстанд суух ОХУ-ын элчин сайд асан Роман Скрыников бас ижил шалтгаанаар нас барсан юм.

Эдгээрээс гадна Оросын алдартай таван эрхэм сүүлийн 14 жилийн хугацаанд зүрхний шигдээс өвчнөөр хорвоог орхисон талаар USA Today мэдээлсэн байдаг. Скотланд Ярдын терроризмтай тэмцэх хэсгийн командлагч асан Ричард Уолтон эдгээр тохиолдлуудад ямар нэг ул мөр үлдээдэггүй биологийн эсвэл химийн бодисыг Оросууд ашигладаг гэж таамаглаж байгаагаа ярьжээ.

Тухайлбал Оросын мафи, улс төрчдийн $230 саяын бохир мөнгөний асуудлыг ил гаргасан санхүүч Александр Перепиличний 2012 онд нас барахад Британий цагдаа нар эхлээд зүрхний шигдээс гэж оношилсон бол сүүлд Himalayan Gelsemium Elegans гэх ургамлын бодис биед нь нэвтэрч, үхэлд хүргэсэн болохыг илрүүлж байсныг Уолтон ярьсан байна.

Суданы ерөнхийлөгч Омар Хассан аль Башир ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар бэлдэж байгаа цаг үед Ширинскийн үхэл давхцаж байгаа юм.

Гаагийн шүүх Баширыг Дарфурт үйлдсэн геноцидын төлөө баривчлах шийдвэр гаргаад удаж байгаа. Харин Путин түүнийг Москвад урьсан нь Ойрх Дорнод, Африкт Кремль өөрийн нөлөөг нэмэгдүүлэх сонирхолтой нь холбоотой гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider