Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт “Цэнхэр халим” тоглоом тоглосон гурван хүүхэд нас барлаа

Монголын мэдээ
2017 оны 8 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Энэтхэгт өсвөр насны хүүхдүүд “Цэнхэр халим” тоглоомд автан амиа хорлох тохиолдол удаа дараа гарах болжээ. Улмаар аль хэдийнээ гурван хүүхэд амиа егүүтгэсэн байна. Тус тоглоомыг тоглосноор хэн нэгэн үл таних хүн интернетээр “зааварчилгаа” өгдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан нийгмийн сүлжээнд тавих хяналт шалгалтаа чангатгаж эхэлжээ.

Орон нутгийн сонинд бичсэнээр, хэн нэгэн этгээд нийгмийн сүлжээгээр дамжуулан заавар өгч, харин тоглогчид түүнийг нь биелүүлэн, нотолгоо болгон зураг, бичлэгээ фэйсбүүк, инстаграмм хуудастаа нийтлэх зарчмаар “Цэнхэр халим” тоглоом үргэлжилдэг байна. Тоглогчид 50 өдрийн хугацаанд өдөр бүр өөр өөр заавар авч, түүнийгээ биелүүлэх ёстой гэнэ.

Тэдгээр зааварт нь “Өглөө 04.20 цагт босох”, “чанга дуу хөгжим сонсох” гэх мэт хялбар чиглэл байх бөгөөд сүүлдээ “гарынхаа шууг хутгаар сийчих” зэргээр даалгавраа хүндрүүлдэг байна. Харин хамгийн сүүлчийн буюу 50 дахь өдрийн даалгавар нь “өндөр барилгаас үсрэх” байдаг гэнэ. Цэнхэр халим тоглоомыг тоглуулдаг этгээдүүд өсвөр насныхны нийгмийн сүлжээнд автсан байдал, өөрсдийгөө харуулах гэсэн хүслийг нь ашиглан тус тоглоомыг тоглуулдаг байна.

Энэтхэгт тоглоом тоглоод амиа хорлосон анхны тохиолдол долоодугаар сарын 29-нд гарчээ. Тус улсын баруун этгээдийн Мумбай хотод 14 настай өсвөр насны хүүхэд зургаан давхар барилгаас үсэрч, амиа хорлосон байна. Түүнээс хойш нэг сарын дотор гэхэд Нью Дэли, Керала мужид 10 гаруйхан настай өсвөр насны хоёр хүүхэд мөн л барилгаас үсэрч амиа хорложээ. Цагдаагийн алба хаагчид эдгээр тохиолдлуудыг “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой хэмээн үзэж, шалгаж эхэлсэн байна.

Түүнчлэн, Нью Дэлигийн дээд шүүх энэ сарын 17-нд гүүгл, фэйсбүүк зэрэг компаниудад хандан “Цэнхэр халим”-тай холбоотой мэдээлэл, линкийг устгаж байхыг шаарджээ. Дашрамд дурдахад, тус тоглоом ОХУ-д анх үүсч, дараа нь дэлхий даяар тархсан байна.

 

Зураг