Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Энэтхэг-Хятадын хил дээр гарсан мөргөлдөөн

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хималайн нуруун дээр орших маргаантай хилийн зурваст гарсан Энэтхэг-Хятадын цэргийн мөргөлдөөний дүрс бичлэгийг Энэтхэгийн талаас тараажээ.

Хоёр гүрний 4,000 км үргэлжлэх хилийн маргаантайд тооцогддог Пангон нуурын 135 км зурвас нь далайн түвшнээс дээш 4,300 метрийн өндөрт оршдог. Наймдугаар сарын 15-нд буюу Энэтхэгийн үндэсний баярын өдөр хилийн энэ хэсэгт Хятадын талаас мод чулуугаар зэвсэглэсэн цэргүүд нэвтэрснээр мөргөлдөөн үүссэн гэдэг. Хоёр цаг орчим үргэлжилсэн гардан тулааны үеэр хоёр талаас хэд хэдэн цэрэг хөнгөн бэртсэн байна.

Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд иймэрхүү тулгаралт урьд өмнө тохиолдож байгаагүй юм.

Талуудын байнга давтдаг стандарт ажиллагаа болох “далбаат дасгал”-ын үеэр энэ мөргөлдөөн үүссэн байна. Хоёр талын цэргүүд өөрийн далбааг барин маргаантай хил дээр ирж, өөрийн газар нутаг гэдгийг харилцан зарлаад эргэж анги руугаа буцдаг уламжлалтай ажээ.

Уг явдлаас гадна Хималайн өмнөд бүс дэх Бутан-Энэтхэг-Хятадын хилийн зангилаа хэсэгт мөн хоёр талын хооронд хилийн цэргүүдийн тулгаралт үүсээд хоёр сар орчим болж байгаа юм.

Энэтхэгийн тал Пангон нуурын мөргөлдөөнийг санаатай өдөөн хатгалт биш гэж үзэн, Хятадын хилийнхэнтэй яриа хэлэлцээр хийж байгаа гэсэн бол Хятадын гадаад хэргийн яам мөргөлдөөний талаар огт мэдээлэлгүй байгаагаа хэлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today