Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Украины засгийн газар Лениний 1,320 хөшөөг буулгаж дуусжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлтийн үеийн билэгдэл болсон коммунист хувьсгалын удирдагч Владимир Лениний 1,320 хөшөөг буулгаж дууссанаа Украины эрх баригчид зарлажээ.

Гурван жилийн өмнө Оросын талыг баримтлагч, ерөнхийлөгч Виктор Януковичийг зайлуулснаасаа хойш тус улсын хот суурин бүхэнд байсан хөшөөнүүдийг буулгаж дуусгасан байна. Мөн Зөвлөлтийн үеийн нэртэй гудамж, хот суурингуудын нэрийг солих хуулийг ерөнхийлөгч Петро Порошенко 2015 оны тавдугаар сард батлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хуулийн дагуу олон байгууламжийг Украины баатруудын болон өөр нэрээр нэрлэсэн.

Тухайлбал Закарпатье мужийн нэгэн хотын гудамжны “Лениний гудамж” нэрийг “Ленноны гудамж” болгон өөрчилж, Битлз хамтлагийнханд хүндэтгэл үзүүлжээ.

Зөвхөн Лениний хөшөөгөөр зогсохгүй Зөвлөлтийн үеийн өөр 1,069 хөшөө дурсгалыг буулгаснаа Украины Үндэсний Дурсамжийн хүрээлэнгийн захирал Володимир Вятрович ярьсан байна. Гэвч Кремлийн дэмжлэгтэй хүчнийхний хяналтад байгаа Украины дорнод хэсэгт Зөвлөлтийн үеийн дурсгалууд хэвээр байгаа гэнэ.

2014 онд Крымийг ОХУ өөртөө нэгтгэснээс хойш энд үүссэн зэвсэгт мөргөлдөөнд нийтдээ 10,000 гаруй хүний амь үрэгдээд байгааг НҮБ мэдээлжээ.

 

Эх сурвалж: Independent