Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тив Исламын радикалуудад ялагдсан тул жүүдүүдийг Израйль руу нүүхийг уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Барселоны дээд рабби (иудайн шашны санваартан) тус хотын жүүд иргэдийг Израйль руу нүүхийг уриалжээ. Ингэх болсон шалтгааныг тэрээр Европ тив Исламын радикал үзэлд ялагдсан гэж дүгнэсэн байна.

Мэйр Бар-Хен шашин нэгтнүүдийгээ “Исламын терроризмийн Европ дахь төв болсон” Испаниас явахыг уриалжээ.

Өнгөрсөн долоо хоногт Испанид дараалсан хоёр халдлага гарч 13 хүний амь үрэгдэн, 120 гаруй хүн шархдаж гэмтсэн юм. Исламын улс бүлэглэл Барселон болон Камбрилсд гарсан дээрх хоёр халдлагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн ба цагдаа нар үүний цаана террористуудын томоохон сүлжээ байгаа гэж үзэн мөрдсөөр байна.

Бар-Хен рабби жүүдийн мэдээллийн JTA агентлагт ярихдаа “Би шашин нэгтнүүддээ хандаж хэлэхэд, энд сайн сайхныг хүлээгээд хэрэггүй. Израйльд хөрөнгө худалдаж ав. Энэ газар өнгөрсөн. Алжирийн, Венесуэлийн жүүдүүдийн алдааг бүү давт. Хожимдохоосоо өмнө эндээс яв” гэжээ. Үүнийхээ дараа тэр Европ тив бүхэлдээ Исламын радикал үзлийн өмнө ялагдсан гэж хэлсэн байна.

Одоогоор Каталаны цагдаа Морокко гаралтай, 22 настай Юнес Абуяакуобыг Барселоны халдлагыг үйлдсэнд сэжиглэн хайж байгаа юм. Мөн Каталаны Алканар хотод амьдарч байсан исламын санваартан Абделбаки Эс Саттиг муслим залууст радикал үзэл номлож байсан хэмээн сэжиглэж эрэн сурвалжилж байна. Түүний гэрт их хэмжээний тэсрэх бодис хадгалагдаж байсан нь өнгөрсөн долоо хоногт дэлбэрсэн юм.

 

Эх сурвалж: Independent