Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхцэцэг: Би хамгийн өндөр цалинтай багш ч гар дээрээ 657 мянган төгрөг авдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
 

“Багш нарын цалинг нэмэгдүүлэх” түр хорооноос өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тэд хэвлэлийн бага хурлаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол эцэг эхчүүдэд уриалга гаргасан юм.

Тэд цалингаа бүс нутгийн түвшинтэй ижил хэмжээтэй болгон нэмэгдүүлэх үндсэн шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа билээ.

 

Түр хорооны ажлын явцын талаар дэд зохицуулагч, Мэдээллийн технологийн багш Б.Бат-Эрдэнэ “Манай түр хороо байгуулагдаад ес хонож байна. Энэ хугацаанд бид үйл ажиллагаагаа төлөвлөж, эхний ээлжинд Засгийн газарт гурван агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24-нд хүлээж авна.

Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн арга хэмжээ зохион байгуулна. Манай түр хороо аймаг, сум, дүүргүүдээр хуваагдан зохион байгуулалттай ажиллаж байна.  

Одоогоор манай түр хороонд нэгдэхээ бичгээр мэдэгдэж, гарын үсгээ цуглуулж өгсөн 4,615 гишүүн бий. Үүнээс гадна бид и-мэйлээр болох олон нийтийн сайтаар өгсөн 11 мянга гаруй гарын үсэг байна. Багш нар өнөөдрөөс эхлээд сургалт, семинар гээд цуглаж эхэлж байгаа учраас цаашид энэ үйл ажиллагаа маань улам өргөжинө” гэв.

"УИХ-ын гишүүн, төр засгийнхан эмзэглэх цаг болжээ"
 

ЕБС-ийн багш, ажилчдын цалингийн сүлжээ, шатлал, нэмэгдлийн талаар БЗД-ийн 44-р сургуулийн багш С.Сарантуул “Би боловсролын байгууллагад 32 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын тогтолцоо, өөрчлөлт шинэчлэлийн төлөө тууштай ажиллаж буй багшийн хувьд цалин нэмэгдүүлэх түр хорооны ажлыг дэмжиж оролцож байгаа.

Бид төр засагт Монгол хүний ажлын үнэлэмж гэдгийг харуулах цаг болжээ.

Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг харахад нэг жил ажиллаж байгаа багш 536 мянган төгрөгөөр цалинжина. Энэ багш таван жилийн дараа цалингаа 4,261 төгрөгөөр нэмүүлнэ. Таван жилийн ажлын цалинг ингэж үнэлнэ гэдэг үнэхээр харамсалтай.

Нэг жил ажилласан багш 25 жил ажилласан багш нарын цалингийн зөрүү 73 мянган төгрөг байх жишээтэй. Энэ цалинг баталж байгаа УИХ-ын гишүүн, төр засгийнхан эмзэглэх цаг болжээ” гэв.

Багш нарын цалингийн урамшууллын шатлал байдаг хэдий ч тэр нь маш цөөн багшид, бага хэмжээгээр оногддог бөгөөд дийлэнх багш нарт хүртээмжгүй байдаг юм байна.

"хүүхдүүдийнхээ өмнө зогсох хувцас авахын тулд цалингийн зээл авдаг"
 

Энэ талаар ХУД-ийн 18 дугаар сургуулийн багш С.Энхцэцэг “Би Монгол Улсын зөвлөх багш цолтой учраас тодорхой хэмжээнд хамгийн өндөр цалинг авч байгаа. Гэхдээ миний бодогдсон цалин 820 мянга 410 төгрөг байдаг бол татвараа хасаад гар дээрээ 657 мянга 134 төгрөг авдаг.

Би Буянт-Ухаа хороололд нэг өрөө байр худалдаж авч, цалингаасаа сар бүр 374 мянган төгрөг төлж байгаа. 15 жил буюу тэтгэвэртээ гарах хүртлээ төлнө. Дээрээс нь аятайхан гутал, хүүхдүүдийнхээ өмнө зогсох хувцас авахын тулд цалингийн зээл авна. Зээлэндээ 120 мянган төгрөг төлөөд гар дээрээ 180 мянган төгрөгөөр амжиргаагаа залгуулж байна.

Би хамгийн өндөр цалинтай багш. Гэтэл дөнгөж ажиллаж эхэлж байгаа багш нар 535 мянган төгрөгийн цалин аваад түүнээсээ 107 мянгыг татвартаа өгч, 428 мянган төгрөгийг гар дээрээ авдаг. Дээрээс нь бидэнд асар их сургалтын хэрэглэгдэхүүн хэрэгтэй байна. Тиймээс багш нарын цалинг нэмэхийг хүсэж байна” гэсэн юм.

Ингээд тэд Монголын эцэг эхчүүд болон Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргасан уриалгаа танилцуулав. 

БАГШИЙН ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХ ХӨДӨЛГӨӨН
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ХАНДАЖ ГАРГАСАН УРИАПГА

Багшийн цалинг нэмүүлэх зорилгын дор сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй мянган багш нэгдэн, зохион байгуулалтад орж Монгол Улсын Засгийн Газарт цалинг нэмүүлэхэд чиглэсэн гурван зүйл бүхий шаардлага хүргүүлснийг Танд уламжлахын хамт дараах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөхийг уриалж байна. Үүнд:

-Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үндсэн ажилтан нь багш болохыг харгалзан үзэж холбогдох төрийн захиргааны байгууллагуудад үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн үндсэн цалингийн доод хэмжээг бүс нутгийн жишигт хүргэж нэмэгдүүлэх,

-Үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн цалин хөлсний шатлалыг шинээр бий болгож хэрэгжүүлэх,

-Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль нь эх оронч бүтээлч, чадвартай, хариуцлагатай, ухамсартай, соёл иргэншилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэдэг тэргүүлэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салбар болохынх нь хувьд түүний удирдлагыг намын харьиалал, улс төрийн томилгооноос ангид байлгаж хамт олны саналд үндэслэн Монгол Улсын ерөнхийлөгч томилдог байх.

БАГШИЙН ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХ ТҮР ХОРОО


МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА

Багш мэргэжил аль ч улсад нийгмийн хөгжилд оруулж буй үнэт хувь нэмэр, жингээрээ бусад мэргэжлээсээ их, тэргүүлэх, эх мэргэжил юм. Багшийг ийнхүү эрхэмлэн үздэг нь бас монгол түмний уламжлалт соёл, үнэт зүйл мөн. Гэвч багшийн талаар 1990 оноос хойш явуулж ирсэн үе үеиин сайдын увайгүй, харалган бодлогын үр дүнд багшийн ажпын үнэлэмж унасан, нэр хүнд доошилсон, багш ядуурсан, ядарсан.

Ийм учраас “Багш багшдаа тусалъя", “Багш багшаа хайрлая” гэсэн үзэл санаа түгэж, багш нар нэгдэж, юуны урьд багшийн ядуурлыг бууруулах, боловсролын уналтыг зогсоох, Монголоо зөв хөгжилд хөтлөхийн язгуур шалтаг, эдийн засгийн хөшүүрэг болох цалинг нэмүүлэх энэ тэмцлийг явуулж байна. Энэ тэмцэл нь багш нарын ирээдүйнхээ төлөө, салбарынхаа төлөө, монголынхоо төлөө тэмцэхээр өөрөө өөрсдөө нэг болж нэгдэх их хүсэл тэмүүллийн илэрхийлэл мөн.
 
Энэхүү зорилго, үзэл санааны дор нэгдсэн багш нар бид Монгол Улсын Засгийн Газарт цалин нэмүүлзх утга агуулга бүхий гурван заалт бүхий шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Гишүүдэд энэ талаар анхаарч ажиллах уриалгыг тус тус хүргүүлээд байна.
 
Бидний энэхүү тэмцэл, хөдөлгөөн, язгуур мөн чанараараа Монгол хүний хөгжлийн төлөө, нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө, Монгол Улсыг хүний оюуны чадамжид тулгуурласан зөв хөгжилд хүргэхийн төлөөх их үйлсийн эхлзл юм. Иймд багшийн цалингаа нэмүүлэх энэ хөдөлгөөн, тэмцлийг эцэг эхчүүд, хүүхэд залуучууд, татвар төлөгчид, нийт Монголчууд зөвөөр тусган авч биднииг дзмжихийг уриалж байна.

БАГШИЙН ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХ ТҮР ХОРОО 

 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn