Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын ойролцоо АНУ-ын байлдааны хөлөг осолдож, 10 усан цэрэг сураггүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн хүчний USS John S.McCain хөлөг онгоц өнөөдөр буюу Даваа гарагт Сингапурын зүүн хэсэгт нефт тээвэрлэгч онгоцтой мөргөлдөж, 10 усан цэрэг сураггүй болжээ.

Ингэснээр Америкийн тэнгисийн байлдааны хөлөг онгоц Ази тивийн усанд хоёр сар гаруй хугацаанд хоёр дахиа осолдож байна. Сингапурын боомт руу явж байхдаа тус хөлөг нефт тээвэрлэгч Alnic MC хөлөгтэй мөргөлджээ.

Одоогоор 10 усан цэрэг сураггүй болж, таван цэрэг бэртээд байгаа гэнэ. Аврах ажиллагаанд Сингапур болон Малайзийн хөлгүүд, АНУ-ын нисэх онгоцнууд оролцож байна. Мөргөлдсөн Alnic MC хөлөг нь Либерийн далбаан дор ажиллагаа явуулдаг, 183 метр урт, бүрэн ачаатай үедээ 50,760 тонн жинтэй онгоц ажээ.

Alnic хөлгийн мэдээлснээр ослын дараа далайн усанд тос асгарaaгүй гэнэ. Тус хөлөг Тайваниас 12,000 тонн газрын тос тээвэрлэн Сингапурыг зорьж явжээ.

Сингапур орчмын далайн ус бол дэлхийн хамгийн их ачаалалтай, чухал замд тооцогддог. Дэлхийн нийт далайн тээврийн гуравны нэг орчим нь үүгээр дайрдаг аж.

Одоогоос есөн долоо хоногийн өмнө АНУ-ын өөр нэг байлдааны хөлөг Японы эргийн ойролцоо ачааны хөлөг онгоцтой мөргөлдөж байв. Өнгөрсөн долоо хоногт уг ослыг үйлдсэн USS Fitzgerald хөлгийн гурван ахлах албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг АНУ-ын зэвсэгт хүчин гаргасан юм.

USS Fitzgerald байлдааны хөлөг зургаадугаар сарын 17-нд Филиппиний чингэлэг тээвэрлэгч онгоцтой мөргөлдөж, бараг живэх шахсан. Уг ослоор долоон усан цэрэг амь үрэгдсэн юм.

Осол гаргасан дээрх хоёр хөлөг нь хоёул баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах зориулалттай. Сүүлд осолдсон хөлгийн нэрийг Бүгд Найрамдах Намын сенатор Жон Маккэйны эцэг, өвөг эцгийн дурсгалыг хүндэтгэж өгсөн юм байна. Тэдгээр хүмүүс аль аль нь АНУ-ын тэнгисийн хүчинд адмирал байсан юм.

Хөлгийн осолтой холбогдуулан ерөнхийлөгч Дональд Трамп, сенатор Жон Маккэйн нар твиттер хуудсандаа эмгэнэл илэрхийлжээ.

Сенатор Жон Маккэйн бол Вьетнамын дайны цэрэг бөгөөд дайсанд олзогдон таван жил хагас хоригдож байсан гэдэг.

 

Эх сурвалж: Reuters