Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

0-5 насны хүүхдийн хүмүүжлийг нойтон шавартай зүйрлэж болох юм. Жил ирэх тусам хатуурдаг. Амжиж хүмүүжүүл...

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Бид хүүхдийн хүмүүжил ирээдүйн амьдралд нь хамгийн чухал гэдгийг мэддэг хирнээ өдөр тутмын амьдралдаа, завгүй эсвэл хүүхдээ хэт эрхлүүлсэндээ, магадгүй мэдэхгүйдээ сахилга бат, хүмүүжлийн суурийг нь зөнд нь орхидог байж мэдэх юм. Тиймээс эцэг эхчүүддээ энэхүү асуудлын хүрээнд хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор ЖЭТ кидс цэцэрлэгийн арга зүйч багш Ц.Чулуунцэцэгтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.


- Бид хүүхдийн хүмүүжлийн тухай ярих учир эхлээд тэднийхээ тухай ойлгох хэрэгтэй байх. Таныхаар хүүхэд гэдэг дотоод сэтгэлдээ ямар орчин юм бэ?

- Хариулахад таатай сайхан асуулт байна.

Учир нь саяхан манай хамт олон багаараа сууж байгаад хүүхэд гэж хэн бэ? гэдэг асуултыг бие биедээ тавьсан юм. Маш олон сайхан тодорхойлолт хэлж байсан л даа. Тэдгээрээс “Хүүхэд гэдэг өөрийгөө хаан ширээнд суулгаад бүхнийг захирахыг хүсдэг боловч өөрийгөө захирч чадахгүй бяцхан хүн” гэсэн дүгнэлт үнэнтэй их ойртсон юм шиг санагдсан.

Мэдээж энэ чигээрээ том хүн болж болохгүй шүү дээ. Мөн “Хүүхэд хууль зөрчигч байснаа хуулийг, дүрмийг заагаад өгчихвөл хамгийн сайн биелүүлж чаддаг үнэнч хүмүүс. Том хүнээс ч илүү” гэсэн тодорхойлолт үнэхээр үнэн.

Тэгэхээр хүүхэд гэдэг дотоод сэтгэлдээ ийм л эрх чөлөөтэй хирнээ дэг журам болоод, харсан, мэдэрсэн зүйлээ маш хурдан ойлгож хөгждөг, түүгээрээ өөрийгөө бүтээж байдаг.

- Хүүхэд аливаа зүйлийг хүлээж авахад насны онцлог мэдээж нөлөөлдөг байх. Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхэд ямар чадвартай, ямар онцлогтой байдаг юм бэ?

- Эрдэмтэд энэ насыг хүний хөгжлийн алтан үе гэж нэрлэдэг л дээ.

Ер нь бол 0-5 насны хүүхдийн зүрх сэтгэлийг нойтон шавартай зүйрлэж болно. жил ирэх тусам хатуурдаг. Тиймээс амжиж хүмүүжүүл. Учир нь бидний хүүхдэдээ хүсдэг сайн хүн байх, боловсрол мэдлэгтэй, бусдыг хайрлаж, уучилж, асуудал тулгарвал шийдвэрлэж, даван гарч чаддаг бие даасан байдал гэх зэрэг аливаа чадвар бүрийг төгс төгөлдөр хүлээж авах байгалиас заяагдсан чанар нь энэ насанд хамгийн өндөр байдаг бөгөөд амьдралынх нь суурь хүмүүжил, зан төлөв болж үлддэг.

Өөрөөр хэлбэл тархины хөгжлийнх нь 80-90 хувь нь энэ насанд явагддаг учир хамгийн сайн суралцагч гэж хэлж болох юм.

- Ямар ч эцэг эх хүүхдээ сайн сайхан байгаасай, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Үүний тулд өөр өөрийнхөөрөө л зүтгэж байгаа. Мэдээж алдаа оноо энд бий. Оноог нь илүү байлгахын тулд бид харилцаандаа анхаарах эхний дүрэм юу гэж та хэлэх вэ?

- Юуг хийж болох юуг хийж болохгүйг хэлэхдээ яагаад гэдэг асуултанд маш ойлгомжтой хариултыг сэтгэлзүйн хувьд хүүхдийг тайван нөхцөлд байхаар өнгө аястайгаар өгөх л гэж хэлнэ дээ.

Хүүхэд ямар нэгэн болохгүй зүйл хийлээ гэж бодъё л доо. Бусдын зүйлийг дураараа булааж авах ч гэдэг юмуу. Боль гээд ширүүхэн хэлчихье. Хүүхэд өөрчлөгдөхгүй. Тухайн үедээ магадгүй шахалтаар больж магад. Гэхдээ хүүхэд гэдэг ирээдүй шүү дээ.

Тэдний одоо биш ирээдүй цаг дээр нь хараагаа тавьж хүмүүжүүлэх хэрэгтэй. Тиймээс тэдэнд яагаад болохгүй тухай логик тайлбар, мөн зөв үлгэрлэл харуулах үйлдэл маш чухал. Бид бол үүнийг өдөр бүр ажил дээрээ яг л жүжигчин шиг хийдэг юм /инээв/.

- Сонирхолтой санагдаж байна таны “жүжигчний” ажил ?

- Бид Cambridge primary, цөм хөтөлбөр, Монтессори арга зүй, тоглоомын арга зэрэгт тулгуурлан хүүхдийг ирээдүйд итгэл дүүрэн амьдралд төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулдаг л даа.

Эдгээр нь бүгд хүүхэд өөрийн хүрээлэн байгаа орчноосоо даган дуурайх байдлаар аливаад суралцдаг мөн чанарт тулгуурлан явагддаг. Хүүхэд гэдэг амьдралын бодит үйл явцыг зохистойгоор зөв зохион байгуулаад өгчихсөн нөхцөлд бүх чадамжийг эзэмшиж чаддаг гайхалтай ертөнц шүү дээ.

Тиймээс тэрхүү зохистой орчныг бүрдүүлэх нь хүүхдийн хөгжлийг илүү их үр дүнд хүргэдэг учир Сэтгэл хөдлөл, хайрлаж энэрэх, эрдэм мэдлэг, ур чадвар гээд энэ бүгдийг бид аль болох бодит үйлдэл, зураг дүрсээр үзүүлэхийг хичээдэг.

Үүний нэгээхэн хэсэг нь жүжигчин шиг гэж хэлээд байгаа бидний дүр болдог байдал шүү дээ. /инээв/. Мэдээж яагаад энэ нь муухай нөгөөх нь гоё харагдаж байгааг тайлбарлана. Хөөрхөн зүрхэн хайчилбар бэлдчихээд найзыгаа гомдоовол ингээд үрчийгээд муухай болчихдог, эргээд анхных шигээ болох хэцүү болохыг ойлгуулахыг хичээдэг гэх зэргээр бүтээлч аргууд маш их бий.

- Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой сургалт гарын авлага гээд мэдээж их байдаг. Гэхдээ таны хувьд өнгөрсөн хугацаанд олж харсан, үүнийг л сургах ёстой юм байна гэж илүү их анзаарсан зүйл нь юу вэ?

- Зөв харилцааг эрхэмлэдэг зан чанарт сургах.

Учир нь Аав ээжүүд хүүхдээ том болоод гоё машин унаасай, гоё хаусд амьдраасай гэж шууд хүсдэггүй шүү дээ. Харин том болоод сайн хүн болоосой, сайхан гэр бүлтэй байгаасай, аз жаргалтай, эрүүл саруул, нэр төртэй амьдраасай гэж хүсдэг. Энэ бүхний үндэс нь хүүхэд байхдаа олж авсан хүмүүжил юм. Тэр дундаа зан чанар маш их нөлөөтэй.

Найзуудтайгаа болоод багш эцэг эхтэйгээ хэрхэн харьцаж байгаа, тоглоомондоо болоод орчин тойрондоо яаж хандаж байгаагаас үүнийг анзаарч болно. Хүн нийгэмд бусадтай мөр зэрэгцэн амьдардаг учир хууль дүрэм, зохицуулалт, хүнлэг ёс энэ бүхэнд суралцаж байж бусадтайгаа ямар нэгэн асуудалгүйгээр зэрэгцэн амьдарч чадна шүү дээ.

Наад зах нь эхнэр нөхөр болчихоод бие биенээ хүндэлж амьдарна, ажил дээрээ бусадтай гар нийлэн баг болж амжилттай ажиллаж чадна, жолооны ард хурд хэтрүүлэн гишгэж, өөрийгөө болоод бусдыг болзошгүй аюулд хүргэхээс ухамсартайгаар татгалзана шүү дээ.

Тиймээс зөв харилцааг эрхэмлэдэг зан чанарт сургах нь миний үнэт зүйл байдаг. Би нэг удаа өөрийнхөө өнгөрсөн амьдралаа эргээд бодсон юм. Намайг юу аз жаргалтай байлгадаг байсан бэ? гэж.

Хамгийн түрүүнд хайрласан хайрлуулсан, хүүхэдтэй болсон гэх зэргээр миний амьдралын хамгийн ойр дотны харилцаанууд санаанд орсон. Ойр дотны сайхан харилцаанаас хүн аз жаргалыг мэдэрдэг юм билээ. Гэтэл хамгийн их мөнгөтэй байсан эсвэл цалин авсан зэрэг зүйлүүд санаанд орж ирээгүй.  Энэ бол бяцхан шавь нартаа заах ёстой ухааныг өөрт минь баталж өгсөн бодол байсан юм. 

Бид цэцэрлэгийнхээ үйл ажиллагааны хүрээнд ч энэ асуудлыг нэгдүгээрт  тавин заах аргачлалаа боловсруулан ажилладаг. Хүн ирээдүйд өөрийгөө хэрхэн авч явах нь тэрхүү зан чанараас маш их шалтгаална.

Энэ нь амжилтанд ч хамаатай. Зан чанарыг ажилд авч ур чадвар суулгана гэдэг дээ.

- Нууц биш бол аргачлалынхаа тухай дэлгэрүүлэхгүй юу? Магадгүй зарим аав ээж хүүхдээ хүмүүжүүлэхдээ та бүхнээс суралцаж болно шүү дээ?

- Жэтийн сургалтын системд 10Q гээд Кембрижийн хөтөлбөр багтсан байдаг л даа.

Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх, тэвчээртэй хандаж түргэн зангаа хаях, хөгжил дэвшлийн чадвар, амьдралын баяр баяслыг мэдэрч сурах, мөнгө санхүүтэй харьцах гэх мэтчилэн маш олон чадварыг олгох агуулгууд байдаг.

Эдгээрийг бий болгохын тулд бид цэцэрлэгийн хэрэгцээгээ хэл яриа, дуу заахаас илүү чухал нь сахилга бат юм байна гэдгийг олж харсан.

Тиймээс эрхэмлэх зүйлийн нэгт хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэхэд хамгийн их анхааръя, биеэ хянаж сурах, сахилга бат дэг журамд тохирсон үйл ажиллагаа явуулъя гэдэгт анхаарлаа маш их хандуулж цэцэрлэгийн дүрмэндээ нарийвчлан  тусгасан байдаг.

Түрүүн хэлсэнчлэн хүүхэд харж загвараар сурдаг болохоор эдгээр дүрмийг маш сайн ойлгуулж тайлбарлах болно.  Бид чинь хүний хөгжлийн хамгийн чухал үед нь хамт байдаг хүмүүс учир хүүхэдтэй нь өдөр өнжүүлэх маягийн байж байгаад л энэ өдрөө өнгөрөөгөөд, тэгсхийгээд аав ээжид нь хүлээлгээд өгчихнө гэж бодож болохгүй шүү дээ.

Бид зөөлөн дулаан хандлагаар дүрмээ хэрэгжүүлнэ. Бидний харилцаанд айлгаж дарамтлах өнгө аяс байж болохгүй. Айсан хүүхэд дүрмийг ойлгосондоо биш хүчээр дагана гэсэн үг шүү дээ. Дүрмээ мэдээж сайн дагавал урамшуулна. Үгүй бол үр дүнгийн ойлголтыг өгөх үүднээс зарим дуртай зүйлд нь бага зэрэг хязгаарлалт  хийх гэх мэтчилэн “шийтгэл” байх юм.

- “Шийтгэл” гэдэг үг хатуу сонсогдож магадгүй юм. Хүүхэд ер нь хэрхэн хүлээж авах бол гэж та бүхэн дүгнэсэн бэ?

- Хүүхдүүд цэцэрлэг дээрээ айдастай байх юм биш үү? гэдэг асуулт гарч ирж болох юм.

Гэхдээ айдас гэдэг бол ойлгогдохгүй далд аюулаас ирдэг, эмээх гэдэг бодит зүйлээс ирдэг. Ахмад настнаас эмээх, аав ээжээсээ эмээх гэх мэт.  Тэгэхээр энэ арга барил эмээх хүмүүжлийг олгох юм. Жишээ нь 10 жилийн хүүхдүүд тамхи татаж байгаад хэн нэгэн багштай таарчихаад үгийг нь авахгүй, тоохгүй байх үзэгдэл байдаг л болсон цаг шүү дээ. Энэ хүүхдүүд эмээхийг сураагүйтэй л холбоотой.

“Шийтгэл” гэхээр өндөр дуугаар загнасан, биеийг нь өвтгөсөн, уйлуулсан арга гэж эндүүрч болохгүй л дээ.

Халуун дулаан орчинд хайрлаж, бурууг ойлгуулах алхмыг өдөр тутмын амьдрал, үйлдэлд нь хамааруулж хэрэгжүүлэх юм бол хүүхэд мэдрэмтгий учир үүнийг өөрт нь хайртайдаа ингэж байгаа юм байна гэж ойлгодог.  

Төгсгөлд хүүхдийг заавал халуун дулаанаар тэвэрч, болохгүй зүйлийг ахин тайлбарлаж өгөх хэрэгтэй.

- Тухайлбал?

- Тухайлбал багш үргэлж соль нотоор ярина. Энэ нь нэгэн хэвийн, дуу нь өндөрсөхгүй гэсэн үг л дээ.

Ингэснээс хүүхэд тайван орчинд зөв бурууг ялгах нөхцөл болж байгаа юм. Паар болоод ширээн дээр үргэлж гарчихдаг хүүхэд байлаа гэхэд буу, буухгүй бол муу хүүхдийн улаан тэмдэг нэрнийх нь ард тавилаа шүү гэж сүрдүүлж болохгүй. Яагаад гэдгийг тайлбарлах нь чухал. Яагаад гэвэл унах аюултай, хөл нь гэмтэж магад гэх мэтээр өөрийг нь хайрлаж байгаагаа илэрхийлэх  хэрэгтэй. Логик тайлбар маш чухал.

Мөн хүүхдээ ажиглаж судална. Дотогшоогоо, дуу султай, амархан гомддог хүүхдийг сандал дээр 5минут суулгах юм бол мэдээж болохгүй. Харин хэр баргийн зүйлийг ажрахгүй хүүхэд бол 5 минут суучихаад л босоод тоглочихно. Ер нь буруу хайр хүүхдийг үлбэгэр сул дорой л болгодог. Хүүхдийн ирээдүйд бид хараагаа тавьсан учир энэ зүйл дээр хамт зогсъё, эцэг эхчүүдийг ч гэсэн бидэнтэй хамт зогсоосой гэж хүсч байгаа.

Гэртээ бас дүрэм тогтоогоод хүүхдээ хүмүүжүүлж болно шүү дээ. Дүрэм гэдэг болохгүй бүхний нэгдэл юм шиг ойлгож болохгүй. Энэ бол эрх чөлөө. Хүүхэд ямар тоглоомоор тоглох хүсэлтэй түүгээрээ тоглох эрхтэй. Харин тоглож дуусаад тоглоомоо хураадаг байх  хэрэгтэй. Энэ бол дүрэм. Үр дүнд нь хүүхдийн эмх цэгцийн мэдрэмж хөгжиж төлөвшиж байдаг. Таван настай хүүхэд унтах дургүй байдаг. Сургуульд орох гэж байгаа хүүхэд унтах хүсэлгүй бол заавал өдрийн цагаар унтуулах гэж хүчлэхгүйгээр эрх чөлөөтэй байлгаж, дуртай зүйлийг нь тэр цагт нь хийлгэж болно шүү дээ. Харин энэ үедээ  бусад унтаж байгаа найзууддаа саад болохгүй байж сурах нь дэг журам бөгөөд нийгмийн, хүн хоорондын харилцаанд суралцаж байгаа хэлбэр юм.

Хүн мэдлэгтэй байх нь чухал. Гэхдээ сайхан харилцаа байж л үүнийг утга учиртай болгодог шүү дээ. Тиймээс энэ мэтчилэн зан чанарын төлөвшил, биеэ хянаж захирч чадах нь бүх сайхан чанарын эхлэл болдог.

- Тоглож дуусаад тоглоомоо хурааж сураагүй хүүхэд жишээ нь зөндөө л байдаг. Ээж нь ихэвчлэн хураадаг ч юм уу. Ийм тохиолдолд хүүхэдтэйгээ хэрхэн харьц гэж зөвлөх вэ? Сурчихсан зүйлийг өөрчлөх болж байна шүү дээ.

- Уйгагүй тууштай байх. Үгэнд шууд орохгүй байвал эхний ээлжинд ээжтэйгээ, аавтайгаа хамт хамтдаа хураая гээд хань болох, эсвэл тоглоомын аргаар уралдах гэдэг ч юм уу олон янзаар удаан хугацааны турш тууштай оролдож дадал болгох хэрэгтэй.

Ямарч л байсан тоглоомоороо тоглож дуусаад хураах нь чухал гэдэгт хүүхэд аяндаа суралцдаг. Ингэхдээ үгэнд мэдрэмжтэй байлгахын тулд нэг удаа л хэлэхэд биелүүлдэг болгох нь чухал. Магадгүй  дүрмээ биелүүлэхгүй бол маргааш нь гэр бүлээрээ зугаалганд явахдаа түүнийг үлдээнэ гэж хэлсэн бол түүндээ бат зогсох хэрэгтэй.

Бид мэдээж хүүхдээ өрөвдөж хайрлана. Гэхдээ л энэ түүний ирээдүйн төлөө шүү дээ. Дараагийн удаа хүүхэд тань хамт явах боломжийг алдахгүй. Гэхдээ хүн болгон нэг размерийн гутал өмсдөггүйтэй адил хүүхэд бүрт үр дүнг ойлгуулах яг тохирсон хариу үйлдлийг мэдрэмжтэйгээр өгөх нь чухал.

Ахдуулж болохгүй шүү дээ. Бид бол үгэнд орохгүй хүүхэдтэй ганцаарчилж ярилцдаг. Нийт дунд нь харьцах үед хүлээн авахгүй хүүхэд бас байдаг. Эелдэг бөгөөд хайрласан өнгө аястайгаар тэдэнтэй ярилцах ёстойгоо мартаж болохгүй.

- Бодлын сандал гээд хөөрхөн сандал харагдлаа. Энэ ямар учиртай сандал вэ?

- Энэ сандал дээр хүүхэд суугаад түрүүхэн хийсэн үйлдэл нь буруу юу? зөв үү? Гэдгийг боддог гэхүү дээ.

5 настай хүүхэд жишээ нь энд суугаад магадгүй найзыгаа гомдоосон бол яагаад юу нь буруу байсан гэдгээ цаг гарган бодож биеэ хянаж сурч байна. Ямар нэгэн үйлдэл хийхдээ өөрөөсөө гадна бусдыг бодож сурах нь чухал.

Гэтэл 18 нас хүрсэн хойно нь хүүхдэд биеэ хянаж, бусдыг бодож сурахыг заах их хэцүү шүү дээ. Нэг яруу найрагч шүлгэндээ “Хэн өөрийнхөө эзэн байж, өөрийгөө захирч сурна, түүнд хорвоо дэлхий, бүх зүйл захирагдана” гэж хэлсэн байдаг.

Тиймээс бид хүүхдийн ирээдүй цэцэрлэгийн нэг өдрөөс эхэлнэ гэж үзээд хүүхдийг зөв хүн болгох бүхий л аргыг эрэлхийлэхийг хичээдэг.

- Танд маш их баярлалаа. Таны хэлсэн санаанууд олон залуу аав ээжид хэрэг болно гэж итгэж байна.

- Та бүхэнд ч гэсэн ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа.

Үнэндээ хүүхэд хүмүүжүүлэх өдөр тутмын ажилдаа дуртайгаас биш ингэж ярилцлага өгөх нь тийм ч амар ажил биш юм. /инээв/. Бид хичнээн алт ухаад ч тэгтлээ баяждаггүй шүү дээ.

Харин хүүхдүүд маань бусдыг, эх орноо хайрладаг, зан чанарын зөв хүмүүжилтэй,мэдээж боловсрол мэдлэгтэй байхад Азийн бар улс болох юухан байх билээ. 


Жэт Кидс цэцэрлэг 2018 оны элсэлтээ авч байна

2-6 насны хүүхдүүдэд зориулсан

  • Монгол цөм хөтөлбөр
  • Cambridge primary хөтөлбөр
  • Монтессори хөтөлбөр

Jet Kids Development Center -
Жэт Кидс Хүүхэд Хөгжүүлэх төв элсэлтээ авч байна

6-13 насны хүүхдүүдэд зориулсан:

  • Англи хэлний эрчимжүүлсэн сургалт
  • Хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд /Таеквондо, Балет, Сампин, Lego, Уран зураг/
  • Өдөр өнжүүлэх 
  • Weekend class - Амралтын өдрүүдэд зориулсан Англи хэлний сургалт, Хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд Анги дүүргэлт хязгаартай тул та яараарай
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 14 | 15 цаг