Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хирошимагийн атомын бөмбөгийг тээвэрлэж байсан АНУ-ын хөлгийн үлдэгдлийг далайн ёроолоос илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

72 жилийн өмнө Японы тэнгисийн цэргийн довтолгоонд сүйрч, живсэн АНУ-ын USS Indianapolis хөлгийн сэгийг далайн ёроолоос илрүүлжээ.

Уг хөлөг нь Хирошимад хаясан атомын бөмбөгний чухал эд ангиудыг тээвэрлэн хүргэж байсан түүхтэй.

Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллений тэргүүлсэн судлаачдын баг дэлхийн хоёрдугаар дайны хөлгийн үлдэгдлийг далайн 5,500 метрийн гүнээс олсноо Бямба гарагт зарлажээ. 1945 оны долдугаар сарын 30-нд USS Indianapolis хөлөг Японы тэнгисийн цэргийн довтолгоонд өртөж живсэн юм.

Хөлөг онгоц ердөө 12 минутад живсэн тул 1,196 усан цэргийн 800 орчим нь хөвж үлдсэн ч аврах хүртэл 4-5 хоногийн хугацаанд ихэнх нь живж, 316 хүн аврагдсан гэдэг. АНУ-ын түүхэн дэх хамгийн том тэнгисийн сүйрэл гэгддэг уг үйл явдлын гэрч болж, өнөөдөр 22 хүн л амьд сэрүүн үлджээ.

Тухайн үед USS Indianapolis хөлөг Номхон далай дахь Америкийн эзэмшлийн Тиниан аралд Хирошимад хаяхаар төлөвлөгдсөн атомын бөмбөгний чухал эд ангиудыг тээвэрлэн хүргэх нууц даалгаврыг гүйцэтгэж дуусаад байжээ. Энэ арлаас сүүлд атомын бөмбөгийг нисэх онгоцоор тээвэрлэн Хирошимад хаясан юм.

Өнгөрсөн онд жүжигчин Николас Кэйжийн тоглосон “USS Indianapolis: Men of Courage” кино дэлгэцэнд гарсан нь энэ хөлгийн түүхийг өгүүлдэг. Тэрбумтан Пол Аллены байгуулсан Petrel судалгааны хөлөг нийтдээ 1,500 орчим километр квадрат талбайд хайгуул хийж түүхт хөлгийн үлдэгдлийг илрүүлсэн байна.

Уг хайгуулын баг 2015 оны гуравдугаар сард Японы Мусаши хөлгийн үлдэгдлийг мөн илрүүлж байсан юм.

 

Эх сурвалж: Japan Times