Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын бас нэг тамирчин гудамжны зодоонд алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Пауэрлифтингийн дэлхийн аварга болж байсан ОХУ-ын тамирчин Андрей Драчёв өчигдөр буюу Ням гарагийн өглөө алс дорнодын Хабаровск хотод гудамжны зодооны үеэр амиа алджээ.

Хабаровск хотын нэгэн кафены гадаа өглөө эрт болсон зодооны дүрс бичлэг хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Маргаанаа гар зөрүүлж шийдэхээр болсон залуусын зодоонд 32 настай Драчёв ялагдсан нь бичлэгээс харагдаж байгаа юм.

Түүний өрсөлдөгч нь гардан тулааны өндөр бэлтгэлтэй нэгэн байсан бололтой. Тамирчны толгойд хэд хэдэн удаа хүчтэй өшиглөсний дараа хүчтэй цохилтууд угсруулан хийсэн байна. Энэ үед кафены хамгаалагч нар зодооныг зогсоожээ. Талийгаачийг эмнэлэгт хүргэсний дараа тархины гэмтлийн улмаас нас барсан байна.

Алуурчныг Анар Аллахверанов гэгч болохыг тодорхойлж, эрэн сурвалжилж эхэлжээ. Драчёв 2008 онд залуучуудын дэлхийн аварга болж, 2011 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүж байв.

Тэрээр сүүлд бодибилдингийн спортод шилжиж, Алс Дорнодын Холбооны цом хүртэж байжээ.

Сүүлийн сар орчим хугацаанд ОХУ­-д тамирчдын амь насанд хүрсэн гудамжны аллага хоёр дахиа гараад байна. Долдугаар сарын сүүлээр Европын залуучуудын хоёр удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Юрий Власко Байгал нуурын эрэг дээр бусдад зодуулж амиа алдсан юм.

Тэрээр 2020 оны Олимпийн наадамд ОХУ-ыг төлөөлөн оролцохоор бэлдэж байсан гэгддэг.

 

Эх сурвалж: Russia Today