Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сербийн ерөнхийлөгч Афганий “бяцхан Пикассо”-д иргэншил санал болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Уран зургийн авьяас билгээрээ “бяцхан Пикассо” хэмээх нэрийг хүртсэн Афганистаны 10 настай дүрвэгч хүүгийн гэр бүлд Сербийн ерөнхийлөгч иргэншил санал болгожээ.

Фархад Нури хүү болон түүний гэр бүлийн дөрвөн хүнийг өчигдөр Белградад хүлээн авч уулзсаныхаа дараа Сербийн ерөнхийлөгч Александр Вучич ийм санал тавьсан байна. Ерөнхийлөгч бас хүүгийн авьяасыг хөгжүүлэхийн тулд сургуульд сурах тэтгэлэг олгохоо амлажээ.

Нури хүү гэр бүлийн хамт Баруун Европт цагаачлахаар нутгаасаа гараад Серби дэх дүрвэгчдийн хуаранд найман сар амьдарч байгаа юм. Энд байх хугацаандаа хүү Германы канцлерь Ангела Меркель, сюрреалист зураач Сальвадор Дали зэрэг алдартнуудын хөргийг зурж, орон нутгийн хэвлэлээр алдаршсан байна.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт уран бүтээлээрээ Белградад үзэсгэлэн гаргаж, олсон орлогоо тархины хорт хавдартай Серби хүүхдийн эмчилгээнд хандивлахаар болсон юм.

Хүүгийн гэр бүл Баруун Европт шинэ амьдрал эхлэх зорилготой дүрвэгсдийн их урсгалд багтаж энд ирсэн ч “Балканы зам” гэгддэг замыг өнгөрсөн онд хаасан учир Сербид гацаад байгаа ажээ. Уг нь тэд Швейцарьт хүрэх зорилготой байсныг Нуригийн аав ярьсан юм.

Ерөнхийлөгч Вучич “Бид Швейцарь шиг баян биш. Гэхдээ та нарт Белград таалагдаад энд үлдэхийг хүсвэл би яг одоо Сербийн иргэншил өгч чадна” гэж Афган гэр бүлд хэлсэн байна.

Уулзалтын үеэр Нуригийн гэр бүл энэ саналд шууд хариулаагүй гэнэ.

Хүүгийн авьяасыг нэгэн тусламжийн байгууллагаас дүрвэгч хүүхдүүдийн дунд зохион байгуулсан уран зургийн сургалтын үед олж илрүүлжээ.

Нэгэн Серби хүүгийн тархиндаа хийлгэсэн мэс заслын дараах эмчилгээнд нь шаардлагатай мөнгийг цуглуулж өгөхөөр Нури одоогоор ажиллаж байгаа гэнэ.

Серби улсад орогнож байгаа 4,000 орчим дүрвэгчийн бараг тал нь хүүхдүүд байгааг засгийн газрын тоо баримт харуулж байгаа юм.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty