Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг-Хятадын хилийн өөр нэг хэсэгт мөргөлдөөн гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Хималайн нурууны баруун хэсэгт Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд хоёр талын хилийн цэргүүдийн хооронд бага хэмжээний мөргөлдөөн гарсан тухай Шинэ Делигээс мэдээлжээ.

Энэтхэгийн харьяанд байдаг Ладак бүсийн Пангон нууранд хэсэг Хятад цэрэг нэвтэрсэн тул Энэтхэгийн хилийн цэрэг зогсоохыг оролдсон байна.

Хятад цэргүүдийн зарим нь төмөр саваа, чулуугаар зэвсэглэсэн байсан тул талуудын хооронд гар тулаан үүсч, хоёр талаас цэргүүд хөнгөн бэртэж, гэмтсэн тухай мэдээлжээ.

Энэтхэг-Хятад улсууд хил зөрчсөнд харилцан нэгнээ байнга буруутгаж байдаг ч мөргөлдөөнд хүрэх нь ховор байдаг. Мөргөлдөөний тухай мэдээллийг Ладак бүс нутаг харьяанд нь байдаг Жамму Кашмир мужийн төв Сринагар хотын цагдаа хэвлэлд өгсөн байна. Харин Энэтхэгийн арми энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Хоёр улсын цэрэг Хималайн өмнөд хэсгийн Докламын өндөрлөгт мөн тулгараад байгаа. Хүн амьдардаггүй, уулын энэ бүсэд Хятадын тал авто зам барьж эхэлсэн тул өнгөрсөн зургаадугаар сард Энэтхэг улс цэргээ илгээсэн юм. Тухайн газрыг Бутан улс өөрийн нутаг гэж үздэг тул холбоотон Энэтхэгээс тусламж гуйсан аж.

Хятадын тал Энэтхэгийг өөрийн газар нутгийн дотоод хэрэгт оролцлоо гэж буруутгадаг. Харин Энэтхэг, Хятад, Бутан гурван улсын хилийн уулзвар болсон Докламд Хятадын цэргийн явуулж байгаа ажиллагаа өөрийнх нь зүүн хойд нутгийн аюулгүй байдалд хор учруулж байна гэж Шинэ Дели тайлбарладаг юм.

Ийнхүү Азийн хамгийн том хоёр гүрний дунд хоёр сарын дотор хилийн хоёр дахь тулгаралт тохиолдож байна.

 

Эх сурвалж: Reuters