Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний засгийн газар Монгол-Төвдийн хороог татан буулгахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Бараг 90 орчим жилийн хугацаанд гарсан улс төрийн олон өөрчлөлтийн дараа Тайваний засгийн газар Монгол-Төвдийн хороогоо татан буулгахаар боллоо.

Мягмар гарагт Тайваний албаны хүмүүс Монгол болон Төвдийн соёл, харилцааг хариуцдаг байсан засгийн газрын нэгжийг энэ онд багтаан татан буулгахаар болсноо зарлажээ. Хорооны зарим үүрэг Эх газрын Хэргийг Хариуцсан Зөвлөлийн Хонг конг, Макао, Төвд, Монголыг хариуцсан хэлтэст шилжихээр болсон байна.  Уг зөвлөл нь Бээжинтэй харилцах бодлогыг тодорхойлдог гол газар юм. Мөн өөр бусад үүрэг нь Соёлын яам болон Гадаад харилцааны яамны мэдэлд шилжих гэнэ.

2018 оны засгийн газрын төсөвт Монгол-Төвдийн хороонд зориулж ямар ч хөрөнгө төлөвлөөгүй ажээ.

Тайваний үндсэн хуульд зааснаар Төвд болон Монгол нь Бүгд Найрамдах Хятад Улсын (Тайвань) нэг хэсэг гэж үздэг.

Уг хороог хариуцдаг сайд Сю Жан Яу хэлэхдээ хорооны нийт 49 ажилтны 6 нь шинээр өргөтгөсөн Хонг Конг, Макао, Монгол, Төвдийн хэлтэст шилжихээр болжээ. Уг хэлтэс өмнө нь Хонг Конг, Макаог зөвхөн хариуцдаг байсан бол өргөжүүлж Монгол, Төвдийг нэмж байгаа юм байна.

Үлдсэн хүмүүс нь Соёлын яаман дотор шинээр байгуулагдсан Монгол, Төвдийн Соёлын Төвд шилжжээ.

Монгол-Төвдийн хороо нь жилийн $3.8 сая орчмын төсөвтэй байсан нь бусад хэсэг нэгжүүд рүү тараагдан шилжих юм байна.

Монгол-Төвдийн хорооны түүх бүр Чин улсын үеэс эхлэлтэй. 1636 онд Чин улс Монголын товчоо гэгчийг байгуулж байжээ. Үүний дараа хэд хэдэн удаа нэрээ сольж, 1911 онд Чин улс мөхсний дараа Хятадын Бүгд Найрамдах Улсын засгийн газрын бүтцэд үлдэж, 1928 оноос одоогийн нэрээ зүүжээ.

Чин улсыг мөхсний дараа гадаад Монгол тусгаар тогтнолоо зарласан юм.

Куоминтаны удирдагч Чан Кай Ши энэ хороогоор дамжуулан Төвд, Өвөр Монголд коммунистуудын эсрэг бослого дэгдээх зорилготой байсан гэдэг.

1971-1978 онд тус хороо Энэтхэг, Балбаас Төвд хүүхдүүдийг Тайваньд сургаж, эх газрыг өөртөө нэгтгэсний дараа ажиллуулах боловсон хүчнийг бэлдэхэд голлон анхаарч байжээ.

 Гэвч 1975 онд Чан Кай Ши нас барснаар түүний мөрөөдөл төгсгөл болсон юм.

Хорооны гаргасан тоо баримтаас үзвэл одоо Тайваньд 472 монгол, 648 төвд үндэстэн амьдардаг гэнэ. Монгол-Төвдийн хороог татан буулгах санаа бүр 2000 оноос Чэн Шуй Бяны засгийн газрын үед яригдаж эхэлжээ.

Дараа нь 2010 онд ерөнхийлөгч Ма Ин Жёу засгийн газрын бүтцийг шинэчлэхдээ уг хороог татан буулгах шийдвэр гаргаж байв. Гэвч Монгол болон Төвдийг гадаад улс гэж үзэх үү, эх газрын Хятадын нэг хэсэг гэж үзэх үү гэсэн маргааны улмаас хэрэгжилт нь хойшилж байжээ.

Улс төрчдийн зарим нь Монгол-Төвдийн хороог Эх газрын асуудлыг хариуцсан зөвлөлд нэгтгэх нь Монголыг Хятадын нэг хэсэг гэж үзэхэд хүргэнэ гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь харин ч нэр төдий зургаахан ажилтан үлдээснээр Монгол, Төвдийг тусгаар улс гэдгийг баталж байгаа хэрэг гэж маргаж байсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post