Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчөө, офшорыг шалгахын тулд АТГ-ын гадаад харилцааг сайжруулъя

С.Уул
2017 оны 8 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын офшорчдод өгсөн сануулга, анхааруулга дуусахад 27 хоног үлдлээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн өгсөн дээрх ажиллагаа яг ямар шатандаа явж, хэчнээн хүний мэдээлэл манай хууль хяналтынхны гарт орсон бол гэдэг нь анхаарал татаж байна.

Ийн хэлэхийн учир нь офшор бүс нь өөрөө огт татваргүй, нууцлал маш өндөр, төрийн хүнд сурталгүй, үйлчилгээ шуурхай гэсэн шаардлагыг хангасан бүсийг хэлдэг. Тиймээс энэ бүсээс мэдээлэл авах ямар ч боломжгүй гэдгийг хуулийнхан хүртэл хэлж байсан удаатай. 

Түүнчлэн Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр яригдаж байгаа төдийгүй 17 тэрбум ам.доллар офшор бүсэд байгаа эсэх нь одоог хүртэл нотлогдоогүй хэвээр. Энэ бүхний манай АТГ-ынхан нотлох ямар ч боломжгүй учраас одоог хүртэл Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар хангалтгүй хэмжээнд байна гэдгийг л хэлж буй хэрэг юм.

Учир нь Авлигатай тэмцэх газар 20 гаруй улстай эрх зүйн туслалцаа авахаар хамтран ажилладаг ч гадаад харилцааны төсөв мөнгө байдаггүй учраас энэ талаар мэдээлэл авах хэмжээнд хүрээгүй аж. Түүнчлэн офшортой тэмцэх урт нэртэй хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдаж гурван сарын дотор албан тушаалтнууд офшор бүсээс мөнгөө оруулж ирэх зохицуулалтыг хийсэн ч одоог хүртэл АТГ-т хөрөнгөө мэдүүлсэн нэг ч хүн байхгүй.

Тодорхой хэлбэл, хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хуулиар хориглоно. Түүнчлэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байдаг юм.

Хэрвээ олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн офшор дансны мэдээллийг дэлхий нийтэд дэлгэж тавиагүй бол Монголын ард түмэн бид ч төрийнхөө хулгайчдад хууртсаар байх байсан нь бодит үнэн. Хэдийгээр энэхүү мэдээлэл ил болсон ч хаана хэн ямар бүсэд хэдий хэрийн хэмжээний мөнгө хадгалуулсан бэ гэдэг нь бүрхэг. Монголд офшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрсөн улстөрч бол УИХ-ын гишүүн асан С.Баярцогт. Тэрбээр офшор данстай нь илчлэгдсэний дараа УИХ-ын дэд даргын суудлаасаа огцорсон.

Түүний албан тушаалаа өгөх болсон шалтгаан нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дээрх дансныхаа тухай дурдаагүй үлдээснийх. С.Баярцогтыг албан тушаалаа өгсний дараа олон нийтийн зүгээс Монголын оффшорчдод хариуцлага тооцох зөвхөн эхний алхам боллоо хэмээн сайшааж бусад хүмүүсийг ч өөрсдийгөө сайн дураараа илчил хэмээн жагсаал цуглаан болж байсан удаатай.

Офшорчдод 27 хоногийн хугацаа үлдлээ

Харин гаднын улс орны улстөрчид офшорт данстай гэдэг нь ард түмэнд нь мэдэгдвэл өөрсдөө сайн дураараа албан тушаалаасаа огцорч, ард түмнээсээ уучлал гуйдаг. Учир нь улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс офшор данстай байхыг дэлхий нийтээрээ төдийгүй ард түмэн нь таашаадаггүй. Нууц офшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг.

Энэ нь улстөрчид хууль бусаар олсон орлого, магадгүй авлига, хээл хахуулийн мөнгөө офшор дансанд байршуулдаг гэсэн илэрхий хардлага байдаг учраас гаднын улстөрчид шууд огцордог аж. Ямартай ч одоогийн парламентын нэр бүхий гишүүд болон АН, МАН-ын гишүүд, тэдний үр хүүхэд олноороо офшорт данстай гэдэг мэдээлэл гараад удаж байгаа ч энэ асуудлыг сөхөх, ярих дургүй.

Тухайлбал, офшор данстай улстөрчид бүр эсрэгээрээ УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаа нь хөдөлшгүй үнэн. Мөн өнгөрсөн Засгийн газрын үед офшорын асуудал сөхөгдөж байхад АН-ынхан хөөх танайхан олон байна гээд уг асуудлыг хөөргөн хаа сайгүй хар пиар хийж байсан цаг саяхан.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч эхлээд офшорын асуудлыг шалгахын тулд АТГ болон хууль хяналтынхны гадаад харилцааг сайжруулж тухайн улс орон руу мэргэжлийн хүмүүсийг нь томилж нарийвчилсан ажиллагааг хийвэл илүү үр дүнд хүрэх байх. Ямартай ч офшорчдод 27 хоногийн хугацаа үлдлээ. Гарах үр дүн нь ямар байх бол гэдгийг харж л байя.

Зураг