Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Удирдах Зөвлөл маргааш хуралдаж Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үү?

Б.Ану
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хойшхи МАН-ын дотоод зөрчил даамжирсаар, хүрээгээ тэлсээр буй. 

МАН-ын дарга М.Энхболд сонгуульд ялагдсан асуудлаа хэлэлцэж намын бага хурлыг хуралдуулах тухайгаа өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа удаа дараа мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр энэхүү тодруулгадаа долоодугаар сарын 8-нд болсон Удирдах Зөвлөлийн (УЗ) хурлын шийдвэрээ танилцуулаад байсан юм. 

Долоодугаар сарын 8-нд болсон МАН-ын УЗ-ийн хурлаар гишүүд нь бага хурлаа есдүгээр сард хийх дээр санал нэгдсэн тухай дурдсан байв.

Үүнээс улбаалаад  МАН-ын дүрэм дэх 17.2-т  "Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана" гэсэн дүрмийн дагуу МАН-ын Их хурал ирэх арваннэгдүгээр сард хуралдах төлөв гараад байсан билээ. 

Өөрөөр хэлбэл, сонгуульд ялагдал хүлээсэн намын удирдлагыг солих, шинэ дарга томилох зэрэг нь бараг тодорхой болж байгаа МАН-ын хувьд Их хурлаа хийх нь ч тодорхой болоод байна. Учир нь тус намын дүрмийн 24.2-т  "Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно... " гэж заасан байдаг.  

Харин тус нам дотор өрнөөд буй зарим бүлэглэл одоогийн засгийн газрыг намын Их хурлаас өмнө огцруулах шаардлагатай гэж үзээд байгаа аж. Тиймээс УИХ-д 65 суудалтай МАН-ын зарим гишүүн одоогийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг цуглуулж байгаа гэх мэдээлэл гаргаад байгаа билээ.

Учир явдал нэгэнт ийм хэмжээнд хүрсэн тул МАН-ын Удирдах Зөвлөл маргааш хуралдаж Засгийн газрыг огцруулах тухай яриаг эцэслэх, эсэх, Бага хурлаа яг хэзээ хуралдуулах зэргээ тогтох бололтой. 

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хойш ийнхүү хоёр дахь удаагаа хуралдах гэж буй нь энэ юм.