Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д хаагдсан Неонацист сайт Монгол руу дүрвэсэн тухай мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Виржиниа мужийн Шэрлотсвилл хотод Неонацистууд болон тэднийг эсэргүүцэгчдийн дунд мөргөлдөөн гарч, нэг хүний амь үрэгдээд байгаа билээ.

Энэ асуудал Америк даяар нацизм, цагаан арьстныг шүтэх үзлийн талаар маргаан дэгдээж, ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл неонацизмын эсрэг мэдэгдэл хийсэн юм.

Гэтэл Америкийн неонацистуудын гол мэдээллийн суваг болсон “Daily Stormer” сайтын домэйн нэрийг бүртгэлээсээ хасаж, сайт руу нь хандах боломжгүй болгож байгаагаа вэб бүртгэлийн үйлчилгээний GoDaddy компани Даваа гарагт мэдээлжээ.

71 сая орчим вэбсайтын бүртгэлийг хадгалдаг GoDaddy компани энэ алхмаа неонацизмын эсрэг олон нийтийн дуу хоолой, шаардлагыг хүндэтгэж хийсэн гэж тайлбарласан байна.

Харин өнөөдөр Вашингтон Пост сонины сайтад мэдээлснээр “Daily Stormer” сайтын үүсгэн байгуулагч Эндрью Энглин хандалтгүй болсон сайтаа Монголд байгаа хүний тусламжтайгаар сэргээж, Монголд шилжүүлж байрлуулаад байгаа гэжээ.

Тэрээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хүлээж авахгүй байгаа тул Монголд хост хийсэн тухайгаа Вашингтон Пост сонинд имэйлээр бичиж тайлбарласан байна.

 

Бид энэ мэдээллийг үзсэнийхээ дараа Google-ийн хайлтын системд “Daily Stormer Mongolia” гэж бичээд хайхад дараах үр дүн гарч ирж байгаа юм.

Илэрсэн мэдээллээс харвал Монголын неонацистуудын тухай мэдээлэл тус сайтад үе үе нийтлэгддэг болох нь харагдаж байна. Мөн дээр дурдсан Эндрью Энглин сайтаа Монголд шилжүүлсэн тухай бичсэн үр дүн гарч ирж байгаа юм.

 
 

АНУ-д хориглогдсон нацист үзлийг дэлгэрүүлэгч сайтын сүүлчийн хоргодох газар Монгол болоод байгаа нь үнэн ажээ. Харин яг одоогоор dailystormer.com нэрээр хандах боломжгүй байна.

 

Эх сурвалж: Washington Post