Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагоны тэргүүний мэдэгдлийн дараа Хойд Солонгос Гуам руу пуужин харвахаа хойшлууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Пентагоны тэргүүн Жим Мэттис Вашингтон Пост сонинд ярихдаа АНУ-ын зэвсэгт хүчин ямар ч пуужингийн довтолгоог няцаахад бэлэн болоод байгааг мэдэгдээд, хэрвээ Гуам руу пуужин харвавал “дайн эхэлнэ” гэж хэлсэн юм.

Тэрээр хэрвээ Гуамыг чиглэсэн пуужин хөөрөх л юм бол устгах арга хэмжээ авах ба харин өмнөх шиг далайн ус руу харвах бол хэрхэхийг ерөнхийлөгчийн тушаалаар шийднэ гэжээ.

Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн армийг пуужин харвахад байнга бэлэн байхыг тушааж, харин Гуам руу хийх довтолгоогоо хойшлуулсан тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг дамжуулжээ.

Ким Жон Ун шийдвэр гаргахаа түр азнаж, энэ хооронд АНУ-ын үйл ажиллагааг ажиглахаар болсон тухай мэдээлэлд өгүүлсэн байна.

“Бидний ойролцоо олон тооны стратегийн зэвсэг эхэлж байрлуулсан АНУ-ын тал Солонгосын хойгт мөргөлдөөн гарахаас сэргийлэх алхмыг түрүүлж хийх ёстой” гэж Ким хэлсэн тухай уг мэдээнд дурджээ. Өөрөөр хэлбэл Хойд Солонгос Америкийн талыг түрүүлж санаачилга гаргахыг хүлээхээр болсон байна.

Ийнхүү Гуамыг тойрсон мөргөлдөөний тухай яриа намжиж эхэлж байна. Өнгөрсөн Ням гарагт Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер ABC сувагт ярихдаа “Долоо хоногийн өмнөхтэй харьцуулбал бид дайн хийхэд ойрхон биш, харин арван жилийн өмнөхтэй харьцуулбал дайнд ойрхон байна” гэж хэлснээс энэ нь харагдаж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty