Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы дөрвөн мужийн захирагч Хойд Солонгосын пуужингаас хамгаалахыг Токиогоос хүслээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын тал Гуамын арал руу пуужингийн довтолгоо хийх тухай, пуужингийн зам нь Японы зарим мужийн нутаг дэвсгэр дээгүүр дайрч байгааг зарласан юм.

Тэгвэл Даваа гарагт дээр дурдагдсан мужуудын захирагч нар Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзаж, мужийнхаа ард иргэдийг аюулаас хамгаалахыг хүссэн хүсэлтээ бичгээр гардуулсан байна. Уулзалтад Шиманэ, Хирошима, Эхимэ, Кочи мужуудын захирагч нар оролцжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Абэ ард түмэндээ ямар нэг хор хохирол хүргэхгүйн тулд бүхнийг хийхээ амласан байна. Тэр бас Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ, Өмнөд Солонгос, Хятад, Орос улсуудтай хамтран ажиллаж байгаагаа ярьжээ.

Пёньян өнгөрсөн долоо хоногт Гуамын арлыг нэгэн зэрэг дөрвөн пуужингаар бүслэн харвах төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдээлсэн юм. Үүний дараа Японы батлан хамгаалах яам Patriot Advanced Capability-3 загварын пуужин эсэргүүцэх зэвсгийг Шиманэ, Хирошима, Кочи мужуудад байрлуулжээ. PAC-3 зэвсэг нь энгийн үед эдгээр мужуудад байрладаггүй юм байна.

Мөн засгийн газар Япон тэнгисийн усанд Aegis сөнөөгч хөлгийг байрлуулсан нь Хойд Солонгосын довтолгоог эсэргүүцэх зорилготой юм. Ингэхдээ Aegis хөлгийн хамгаалалтыг давсан пуужинг PAC-3 системүүд амдаж сөнөөхөөр төлөвлөгджээ.

 

Эх сурвалж: Japan Today