Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын пуужингийн хөдөлгүүрийг Украинаас нийлүүлсэн гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Саяхан Хойд Солонгос пуужингийн технологидоо үсрэнгүй дэвшил хийж, алсын тусгалын пуужин амжилттай туршсан. Үүний цаад шалтгаан нь ЗХУ-ын үед зохион бүтээсэн пуужингийн хөдөлгүүрийг Украинаас худалдаж авсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

International Institute for Strategic Studies байгууллагын судлаач Майкл Эллеман сүүлд Хойд Солонгосын туршсан пуужин нь Украины Днипро хотын үйлдвэрт бүтээгдсэн РД-250 хөдөлгүүртэй байсан гэж бичсэн байна.

Ингэхдээ Хойд Солонгосчууд гэмт бүлэглэлийн сүлжээгээр дамжуулан Украинаас худалдаж авсан байх өндөр магадлалтай байна гэжээ.

Зөвлөлтийн үед РД-250 хөдөлгүүрийг үйлдвэрлэж байсан Днипро хотын Южмаш үйлдвэр одоо Украины засгийн газрын өмч юм.

Энэхүү мэдээллийн дараа тус үйлдвэр болон Украины засгийн газрын зүгээс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, ЗХУ задарснаас хойш дайны зориулалттай пуужингийн хөдөлгүүрийг үйлдвэрлэхээ больсон гэж мэдэгджээ. Тэд бас Хойд Солонгосын талтай ямар ч харилцаагүй гэдгээ мэдэгдсэн байна.

Гэвч таамаглалыг дэвшүүлсэн мэргэжилтэн Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн хөдөлгүүр тус үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байх боломжтой гэж тайлбарлажээ. 2 метр өндөр, 1 метр өргөнтэй хөдөлгүүрийг Украинаас Оросоор дамжуулан төмөр замаар Хойд Солонгост хүргэх боломжтой тухай мөн бичсэн байна.

Уг нийтлэлд Хойд Солонгосоос гаргасан гэрэл зургийг хавсаргаж, түүнд үзүүлсэн пуужингийн хөдөлгүүр шингэн түлш бүхий РД-250 хөдөлгүүртэй ижил байгааг мөн тайлбарлажээ.

Эллеман “Мэдээж үүнд Украины засгийн газар, үйлдвэрийн захиргаа оролцоогүй байж болно. Гэхдээ эдийн засгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа ажилчид Орос, Украины гэмт бүлэглэлүүдтэй ийм наймаанд оролцсон байх магадлалтай” гэж бичсэн байна.

Харин Украины Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Олександр Турчинов “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой гэдгээ нуухын тулд Оросын тусгай албад Украины эсрэг ийм шуугиан дэгдээсэн гэдэгт бид итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Japan Times